Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэгчдийн талаар санал дүгнэлт гаргалаа

 

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа билээ. Одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажилладаг. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан юм.

Энэ дагуу тус Байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг баталж, сонгон шалгаруулалт хийх 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан билээ.

Уг комиссыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргалаар ахлуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.


Тус комисс өнөөдөр хуралдаж, төрийн албан хаагчдын төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн 15 иргэний материалтай танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд санал, дүгнэлтээ гаргажээ.

Санал дүгнэлтэд:

“…Нэг. Оролцогч Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Б.Лхагвасүрэн, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар урьдчилсан байдлаар бүртгэв.

Хоёр. Доор дурдсан оролцогчид нь дараах шаардлагыг хангахгүй байх тул сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх боломжгүй гэж үзлээ.

1.    Х.Болдмандал, Ж.Жамъянтив нар нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг;

2.    Х.Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсэг, журмын 5.2-т заасан Зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй гишүүдтэй нэг нутгийн (нэг аймаг, суманд төрсөн) оролцогчийг бүртгэхгүй гэж заасныг;

3.    Б.Нэргүй нь журмын 2.1.3-т заасан “төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг;

4.    Т.Сосорбарам нь журмын 2.1.2-т заасан “дөчин таван нас хүрсэн” байх шаардлагыг;

Гурав. Оролцогч Л.Цэдэвсүрэн нь журмын 1.5-д заасан “төрийн албан хаагч” байх шаардлагыг хангаж буй, эсэх талаар БСШУСЯ-наас нэмэлт тодруулга авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх, эсэхийг шийдвэрлэхээр тогтов.

Дөрөв. Урьдчилсан бүртгэлд оролцсон оролцогчдоос мөн журмын 2.1.7-д заасан шаардлагатай холбогдуулан нэмэлт баримт бичгийг бүрдүүлж авахаар болов.

Тав. Урьдчилсан бүртгэлд орсон оролцогчид мөн журмын 2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан шаардлагыг хангаж буй, эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл авахаар шийдвэрлэлээ…” гэжээ.

     

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.01.18

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл