Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

  2017-04-28 18:53  609

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы (2017.04.28) өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс “Монгол Улсаас оффшорт нэр холбогдоод буй төрийн албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, орлогоо нуун далдлах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэргээр 17 тэрбум ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаарх мэдээлэл бодит эсэх, энэ талаар холбогдох хууль, хүчний байгууллагууд хянаж шалгаж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.


Хуралдаанд Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, асуулгад дурдсан 17 тэрбум ам.доллартай асуудлаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирээгүй бөгөөд албан ёсоор бүртгэгдсэн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тохиолдол байхгүй болно. 2011-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах" 27 гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулснаас дараах эрүүгийн хоёр хэрэг нь оффшор бүстэй холбоотой байжээ. Үүнд, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд, Монгол Улсын иргэн Б нарын гэмт хэрэг болно гэдгийг дурдлаа.

Авлигатай тэмцэх газар нь “Хариуцлагын хяналтыг тогтоох иргэний эвсэл” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн асан С.Баярцогтод холбогдох, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хууль бусаар онц их хэмжээний орлого олж, хөрөнгөжсөн байж болзошгүй тухай мэдээллийг 2013 онд хүлээн авч, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах/, 270 дугаар зүйл /Хууль бусаар хөрөнгөжих/-ийн 270\2 дахь хэсгийг тус тус үндэслэн эрүүгийн 201301000264 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөн 2009 онд Улсын Их Хурлын гишүүн асан С.Баярцогт нь Швейцарийн "Кредит Свис” банк дахь хувийн дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй орлогын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг “Гэмт бүлэглэлийг ажиглагч” олон улсын байгууллагаас авснаа “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” Төрийн бус байгууллага Авлигатай тэмцэх газарт мэдээлсний дагуу шалгаж байна. Авлигатай тэмцэх газрын судалгаа, “Ард түмний онц зөвлөл” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг болон холбогдох бусад мэдээллийг нэгтгэн шалгах Ажлын хэсгийг тус газрын даргын тушаалаар байгуулан шалгаж байгаа. Мөн “оффшор данстай гэж гүтгэлээ” гэсэн долоон гомдлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан гэдгийг С.Бямбацогт сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн тэрбээр  танилцуулгадаа, Монгол Улс нийт 20 улстай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 28 гэрээ байгуулсан. Улсын Их Хурал НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг 2005 онд соёрхон баталсан. Эдгээр Монгол Улсын олон улсын гэрээнүүд нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 181 улс нэгдэн орсон. Үүнд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Швейцарь, Люксембург, Нидерланд, Кипр, Багам, Панам зэрэг улс нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 55 дугаар зүйлд зааснаар төрийн албан тушаалтан эд хөрөнгө завших, ашиглан шамшигдуулах буюу бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах, эрх нөлөөг нь урвуулан ашиглуулах зэрэг конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого, эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийг хураах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан гишүүн улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцид нэгдэн орсон дээр дурдсан оффшор бүст байршуулсан хууль бус хөрөнгийг хураан, авчруулах боломжтой. Харин практикт харилцагчийн нууцалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар эрх зүйн туслалцааны хүсэлтэд хариу өгөхгүй байх, удаах зэрэг хүндрэл учирч байгаа тухай мэдээллийг холбогдох хууль, хяналтын байгууллагаас тавьж байна гэв.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалтан, түүнд хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, хууль ёсны мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдүүлэх ба нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээ авч мэдүүлэх үүрэг хүлээсэн. Дээрх үүргээ биелүүлээгүй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тухайн албан тушааптныг эргүүлэн татах байдлаар хариуцлага хүлээлгэнэ. Харин оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.

Засгийн газар цаашид хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг холбогдох чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах, туршлага судлах, энэ чиглэлээр олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаа авах, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улсуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эрх зүйн туслалцааг үр өгөөжтэй, шуурхай зохион байгуулах арга хэмжээ авна. Оффшор бүс нутгаас ирсэн болон гарах гүйлгээг түдгэлзүүлэх, цуцлах, шалгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ялангуяа бүс нутгийн гэрээнд нэгдэн орох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр судалгаа хийж, санал боловсруулах, оффшор бүсэд хамаарах улс, бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, оффшор бүс бүхий НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдээгүй улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллана. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон түүнд нэмэлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон нийтэд таниулах цогц арга хэмжээ авах болно гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй холбогдуулж  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авав.

Үүний дараа “Монгол Улсаас оффшорт нэр холбогдоод буй төрийн албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, орлогоо нуун далдлах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэргээр 17 тэрбум ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаарх мэдээлэл бодит эсэх, энэ талаар холбогдох хууль, хүчний байгууллагууд хянаж шалгаж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ. Тэрбээр, Гадаадын оффшор данс гэхээсээ бонд, концесс гээд дотооддоо нуун дарагдуулсан байж болзошгүй 7,4 их наяд төгрөгийн асуудлыг шалгах цаг болжээ. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтраад Татварын болон Ил тод байдлын тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж,  ирэхийг хүсч байна.  УИХ ч холбогдох хууль, тогтоомжийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай гэдгийг онцлов.

 Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан 85 саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6.22 дугаар зүйлд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төслийн 8.6 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж, төслийн 8.7 дугаар зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  төслийн 8.8 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,1 хувь нь  дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 10.27 дугаар зүйлд “Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Харин Ажлын хэсгээс төсөлд “Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, “Тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,1 хувь нь дэмжсэнгүй. Мөн төслийн 10.28 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Энэ үеэр Ажлын хэсэг төслийн 15.11 дүгээр зүйлийн “Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн саналаа татаж авлаа. Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-04-28 18:53  609