УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзлаа

  2016-09-06 01:00  251

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.06/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг Монгол оронд айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Солонгос Улстай хөгжүүлж буй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөгийг дурдав.

Тэрээр, хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэхийн сацуу хоёр орны парламентын спикер, гишүүд, Тамгын газрын удирдлагын харилцан айлчлал, улс төрийн яриа х‎элэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын энэ оны 7 дугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал үйл авдал болсныг дурдаж, айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулсан нь бидний цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчинг бататгасан чухал алхам болсныг онцоллоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ, Монгол Улс бол түүхэн улбаатай орнууд төдийгүй хоёр орон болоод парламент хоорондын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт улам бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаа хэллээ. Түүнчлэн олон талын харилцааг хөгжүүлэх алхмуудын нэг бол БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэдэд тусалж, дэмжих эрмэлзэлтэй байдгаа уулзалтын үеэр тэмдэглэллээ. Тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр ажиллах хугацаанд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд анхааран ажиллах болохоо илэрхийлэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн хатагтай Чү Хэ Сон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай танилцаж байгаад мөн баяртай байна гээд тэрээр өмнө нь хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж байсан талаар танилцуулав. Хатагтай Чү Хэ Сон БНСУ-ын Korea Educational Broadcasting System буюу EBS телевизийн багийн хамт Монгол Улсад айлчилж буйгаа дуулгаж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд зочилох төлөвтэй буйгаа уулзалтын үеэр дуулгасан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн санхүүжилтээр УИХ-д “Цахим парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаж, талархал илэрхийлэв. Мөн 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн хатагтай Пак Юунок, 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ оролцсон нь дээрх уулзалтуудад болон Монгол Улстай харилцах харилцаандаа БНСУ өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж үзэн талархал илэрхийллээ. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюн Монгол Улсад айлчлах урилгатай байгааг уулзалтын үеэр нотлон тэмдэглэв.

Уулзалтын дараа зочид, төлөөлөгчид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент" төсөлтэй танилцсан юм. Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төв, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон цахим системийн үйл ажиллагаатай танилцуулах аяныг УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа зохион байгууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2016-09-22 23:54  251