Цэс

Холбоо барих

Орост сургууль төгсөгчдийн холбооны чуулга уулзалт боллоо

2019 оны есдүгээр сарын 3-4-нд Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн холбооны чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Уг холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан чуулга уулзалт Халх голын ялалтын 80 жилийн ой, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, Хичээлийн жилийн нээлттэй давхацсан юм.

Чуулга уулзалтад сансрын нисгэгч, Монгол Улсын болон ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар Владимир Алексеевич Жанибеков, сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, Болгар болон Монгол Улсын баатар Виктор Петрович Савиных, ОХУ-ын “Россотрудничество” байгууллагын тэргүүн Елеонора Валентиновна Митрофанова, ИНКОРВУЗ байгууллагын ерөнхийлөгч Лариса Ивановна Ефремова, Уралын холбооны их сургуулийн ректор Виктор Анатольевич Кокшаров, Байгалийн Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч Татьяана Леонидовна Музычук зэрэг онцгой хүндтэй зочид оролцсоноороо онцлог байлаа.

Чуулганд оролцогчид Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг харилцан дэвшүүлэхийн ялдамд, Монгол-Оросын найрамдалт харилцаа дайн тулааны болон энх цагийн аль алинд туршигдаж, баларч нугаршгүй болох нь нотлогдсон бөгөөд цаашид үүнийг улам батжуулах шаардлагатай. Оросын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн төгсөгчдөөс Монголын үе үеийн удирдагчид, төр, засгийн зүтгэлтнүүд төрөн гарч, шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирснийг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн цаашид ОХУ-д оюутнууд сургах боломж, тоог нэмэгдүүлэх, оюутан солилцоог эрчимжүүлэх мөн бусад орнууд дахь ижил төстэй холбоодуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр ОХУ дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч В.А.Бабушкин ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатарт Халх голын ялалтын 80 жилийн ойн  медаль гардуулав.

Чуулга уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч, Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүлэгчид зэрэг албаны хүмүүс байлцав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл