Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг гардуулав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.03) гардуулав. 

Энэ арга хэмжээнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров болон бүх гишүүд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар оролцов.



Эхлээд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров “Монгол Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гарган, бидний найман хүнд итгэл үзүүлж, Зөвлөлдөх санал асуулгад хөндлөнгийн хяналтаар ажиллуулсан. Санал асуулгын дүнг үндэслэж гаргасан зөвлөмж, тайланг гардуулж өгч байна” хэмээн тодотгож хэлэв.

Дараа нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар, “Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсэн зургаан сэдвийг задалсан асуултуудад санал асуулгад оролцогчид хэрхэн хариулсныг үндэслэн энэ зөвлөмжийг боловсрууллаа. Зөвлөмжийн агуулга нь тухайн асуудлыг ард түмний төлөөлөл хэрхэн, яаж үнэлж, дүгнэсэн, хандсаныг харуулах зорилготой. Санал асуулгын хариултыг 1-10, 1-7 баллын үнэлгээ гэсэн хоёр ангиллаар нэгтгэсэн. Нийтдээ 80 асуултын 50 нь УИХ-ын тогтоолд заасан зургаан сэдвийг шууд задалсан, 30 нь шалгах, нэмэлт мэдээлэл авах, харьцуулах боломжийг олгосон асуулт байсан. Хариултыг нарийвчлан боловсруулахад, хэлэлцүүлсэн зургаан сэдвийн дөрөв нь буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат  бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг бүрэн дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Харин Парламент Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдэв, Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн нэг удаа сонгох асуудлыг бүрэн дэмжсэн байр суурь илэрхийлэгдээгүй. Дэмжсэн сэдвүүдийг УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ баримжаа болгох байр суурь мөн илэрхийлсэн байна. Энэ зөвлөмжид мэдээлэл авахаас өмнөх санал, мэдээлэлтэй болсны дараа өгсөн саналыг харьцуулж тусгасан. Хоёр санал асуулгын дүнд өндөр савлагаа гараагүй байна” гэв.

Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Энэхүү зөвлөмжийг үндэслэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Анхны хэлэлцүүлгээр цааш нь хэлэлцээд явах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь үзвэл үргэлжлүүлэн Ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй юу гэдгийг хэлэлцүүлнэ. Мөн гуравны хоёр нь дэмжвэл Ард нийтийн санал асуулгыг явуулна. Хуулийн хүрээнд УИХ ажиллаж, энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдээсэй гэдэгт олонхи, цөөнхийн бүлэг байрь суурь нэгдсэн гэж үзэж байгаа” гэлээ.



УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газар дээр энэ ажлыг хэл амтай ч гэсэн анх эхлүүлж, ажлын хэсэг байгуулан, төсөв мөнгийг шийдсэний хувьд өнөөдөр үр дүнгээ үзээд сууж байгаадаа баяртай байна. Энэ бол том үйл хэрэг. Цаашид эх орны хөгжилд үр дүнгээ өгсөн өөрчлөлт байгаасай гэж хүсч байна” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу анх удаагаа бүх салбарыг төлөөлж Зөвлөлдөх зөвлөл байгуулж ажиллуулсан. Нэг талаасаа төлөөлөл болж байгаа ч ардчиллын үнэлэмжийг дээшлүүлэх, ардчиллыг төгөлдөршүүлэх алхам руу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ асуудлаар иргэдийн оролцоог хангахад хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж би та бүхнийг дүгнэж байгаа. Надад нэг л итгэл үнэмшил төрсөн. Бид аливаа даацтай эрх зүйн томоохон асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог нэмүү байлгах чиглэлд их анхаарах ёстой юм байна. Та бүхний Зөвлөлдөх зөвлөлийнхөө хүрээнд иргэдтэй хамтран ажиллаж, иргэдийг чиглүүлсэн энэ ажил, Монголын түүхэнд үлдэх зүйл гэж ойлгож байна” хэмээн хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал асуулгаас гарсан зөвлөмжийг УИХ-д өргөн барина гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлтэйгөө хамтран хуулийн төсөл өргөн барьдаг жишгээр удахгүй энэхүү зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барина гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл