Цэс

Холбоо барих

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлав

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа


Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.06) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 43 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Ингээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний 41 нь дэмжсэнээр хууль батлагдав.

Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй бөгөөд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсэг нэмэх,  хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг “Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэж өөрчлөн найруулахаар зохицуулжээ.

Мөн Эх, олон хүүхэдтэй өрх хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж,  2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмэхээр зохицуулсан байна. Хуулийг 2021 оны долоодугаар сарйн 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Дараа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нараас 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлжээ. Энэ үндсэн дээр Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны 4 тоот тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 35, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 18, нийт 54 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Мөн уг хуулийн шинэчилсзн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн 20 хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу төслүүдийг татан авах асуудлыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

 Ингээд Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, “Хуулийн үйлчлэх хүрээ” буюу 3 дугаар зүйлийг “3.1.Энэ хуулиар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна; 3.2.Хуульд заасны дагуу хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим” гэсэн 4 дүгээр зүйл, “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн 5 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулахыг дэмжив. Тухайлбал, “зээл” гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг; “үйл ажиллагааны ерөнхий нөхцөл” гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны нийтлэг зохицуулалтыг тусгасан баримт бичгийг ойлгохоор тодорхойлов.


Түүнчлэн “мөнгөн хадгаламж” /цаашид Хадгаламж гэх/ гэж гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэх мөнгөн хөрөнгийг; “харилцах данс" гэж гэрээний үндсэн дээр банк, цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээдээс харилцагчид төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр нээсэн дансыг; “хүү” гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг; “шилжүүлэг” гэж Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасныг ойлгохоор зохицуулжээ. “Эрх бүхий хуулийн этгээд” гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг; “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг; “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд" гэж хуулиар тусгайлан эрх, үүрэг нь тодорхойлогдож, хариуцлага хүлээдэг этгээдийг." ойлгохоор тусгасан нь дэмжигдлээ.

Төслийн 8 дугаар зүйлийг “Үйл ажиллагааны ерөнхий нөхцөл” болгож,  “8.1.Энэ хуульд заасан банк, эрх бүхий этгээдийн хадгаламж болон зээл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шилжүүлгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд батална. 8.2.Энэ зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны журмыг тусгасан байна." гэж өөрчлөн найруулахаар болов. Төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг “Хадгалагч хадгалуулагчтай байгуулах хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр байгуулж болно" гэж өөрчлөхөөр тогтов.

Төслийн “Хадгаламжийн гэрээний хугацаа” гэсэн 12 дугаар зүйлийг хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулах, тодорхой хугацаа зааж хадгалуулсан хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэж тооцох,  хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэг хүлээх, хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулах, иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, мөн хугацаанаас хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгийн адил хэмжээгээр бодох, хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй байх зэргээр өөрчлөн найруулах зохицуулалтыг дэмжсэн юм. “Мөнгөн хадгаламжийн хүү” гэсэн төслийн 13 дугаар зүйлд хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ нь гэрээнд өөрөөр заасан, эсхүл хадгалуулагчаас хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, хадгаламжийн данснаас хуульд заасан үндэслэлээр зарлагын гүйлгээ хийснээс бусад тохиолдолд анх тохиролцсон хэвээр байх, хэрэв өөрчлөлт орсон хүүгийн хэмжээг хадгалуулагч зөвшөөрөхгүй бол нэмж хийсэн орлогын хувьд хадгалуулахаас татгалзаж болох, хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалагчаас өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцохоор зохицуулсан байна.


Түүнчлэн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсгийг “3ээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан төлөхийг шаардана" гэж өөрчлөн найруулах, мөн зүйлд зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах эсхүл олгосон зээлийг буцаан шаардах эрхтэй, зээлдүүлэгч анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглох, зээлдүүлэгч нь баталгаа гаргагчтай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу гэрээ байгуулах агуулгатай 21.13, 21.14, 21.15, 21.16 дахь хэсгийг тус тус нэмэхээр болов. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй ч гишүүний энэ санал нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан юм.

Ингээд уг хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл