Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.03.28) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Ноён Жон Жэ Нам Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өнгөрснийг тэрбээр дурдсан. Айлчлалын хүрээнд ноён Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд эдгээр уулзалтын үеэр хоёр улсын харилцааны талаар олон чухал яриа өрнүүлсэн. Энэ нь цаашдаа хоёр улсын харилцааг эрчимжүүлэх гол түлхүүр болно хэмээн найдаж байна хэмээн Элчин сайд Жон Жэ Нам хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас Таныг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг хүлээн авсныг туйлын чухалчилж байна. Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан танд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцаа илүү өргөжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн захидлыг нь Танд уламжилж байна” гэлээ.  БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлахыг хэдэнтээ урьж байсан бөгөөд энэ удаад мөн урилгыг хариу захидлын хамт хүргүүлвэл айлчлалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хичээн ажиллах болно гэлээ. 


Ноён Элчин сайд хэлэхдээ “Их сургуульд профессор, банкны салбарт эдийн засагч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэд сайд, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатайн хувьд Монголын улс төрд үлгэр жишээ болдог улстөрч хэмээн Таныг үнэлдэг” гэв. Тэрбээр жил бүр Чэжү аралд зохион байгуулагддаг Олон улсын энх тайвны форумын талаар Улсын Их Хурлын даргад дэлгэрэнгүй танилцуулаад тус форумыг зохион байгуулах хорооны дарга, Чежү мужийн Засаг даргаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн урилгыг уламжилсан юм.

2019 оны 05 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд болох тус форумд олон улс орны төрийн тэргүүн, парламентын дарга, Засгийн газрын тэргүүн оролцохын зэрэгцээ өмнө нь төрийн тэргүүн, парламентын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нэр хүндтэй эрхэмүүд оролцдог чухал арга хэмжээ гэлээ.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, Олон улсын энх тайвны форумд оролцох асуудлыг судалж, нааштай шийдвэрлэх болно гэлээ. 

Элчин сайд Жон Жэ Нам 2018 оны 05 дугаар сард БНСУ-аас Монгол Улсад суух 12 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирээд ажиллаж байгаа талаараа танилцуулав. Өөрийн дипломатчийн 30 жилийн туршлага, мэдлэг, судлаачийн ажлаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүрнээ дайчлан ажиллаж байгаа талаараа танилцуулсан. БНСУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлал маш өндөр түвшний зохион байгуулалттай болж өнгөрсөн талаар тэрбээр онцлоод Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын Их Хурлын Тамгын газар тэргүүтэй холбогдох бүх талуудад Элчин сайдын хувиар талархал илэрхийлсэн. Энэ онд хоёр улс анх харилцаа тогтоосны түүхт 800 жил, ирэх 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тус тус тохиож байгаа, эдгээр арга хэмжээг хамтран, дээрхийн адилаар өндөр түвшний зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын баяр хүргэсэн мэндчилгээний хариуд халуун талархал илэрхийлж буйг нь уламжлахыг ноён Элчин сайдаас хүсэв. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, итгэлцэл, ойлголцлолыг төрүүлсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалт тэргүүтэй бүх салбарын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх стратегийн түншлэлийн түвшинд хоёр орны харилцааг хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан айлчлал болсныг цохон тэмдэглэлээ. Уг айлчлалын арга хэмжээг талуудад өндрөөр үнэлэгдэх түвшинд зохион байгуулсан ноён Элчин сайд Жон Жэ Намд тухайлан баяр хүргэж, талархал илэрхийлсэн. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сөүлийн Үндэсний Их Сургууль тэргүүтэй тус улсын нэр хүндтэй их сургуулиудад Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн судлаачидтай хамтран Зөвлөлдөх ардчилал-Зөвлөлдөх санал асуулгын тухай лекц унших завшаан тохиож байсан талаар дурдаад БНСУ-ын их сургуулиудын профессоруудтай хамтран ажиллаж байсан талаараа дурсав. Түүнчлэн Сөүлийн Их Сургууль дээр хэрэгжүүлж буй Зөвлөлдөх ардчилал-зөвлөлдөх санал асуулгын талаарх хэлэлцүүлэг, сургалтын талаар судлах академик түвшний хамтын ажиллагааг Элчин сайд ноён Жон Жэ Намыг дэмжихийг хүслээ. Мөн БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэн иргэдээсээ ихээхэн талархал, дэмжлэг хүлээгээд буй “Иргэн та эрх баригч” хөтөлбөртэй танилцаж, туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлсэн. 


Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ноён Элчин сайд танд Монгол Улсын Их Хурлын шинээр баталсан хуулийн талаар онцгойлон танилцуулж, мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ нь ард түмний төр засагт, шүүх хуулийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхэд чиглэсэн алхам байв. Монгол Улсын ардчиллын гол дайсан бол авилгал, шударга бус байдал юм. Хүний эрхийг хамгаалж, дээдлэх нь ардчиллын гол үнэт зүйл байдаг. Тиймээс хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг, авилгал хээл хахуулийн асуудлаас үүдэн иргэдийн шүүх, хуулийн байгууллагад итгэх итгэл илт суларсан өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын залуу ардчиллын эмзэг цэг, гол дайсан нь болоод байгаа хэмээн бид үзэж байгаа. Тиймээс иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хангах, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн амлалт, үүргээ биелүүлэх зорилгоор шүүх, хуулийн байгууллагуудын хариуцлага, сахилга батыг чангатган, ил тод байдлыг хангахаар хичээж, эрмэлзэн дээрх хуулиудыг баталсан. Эрх зүйн өөрчлөлтийн зорилго, ач холбогдлын талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам Элчин сайдуудын яамдад бодит мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж ажиллах болно” гэв. 

Хүний эрхийг хамгаалах, хангах, улмаар авилга хээл хахуулийн эсрэг Монгол Улсын хууль тогтоох байгууллага хууль эрх зүйн шинэчлэл хийж буйг дэмжиж байгааг Элчин сайд Жон Жэ Нам илэрхийлсэн юм. Монголын парламентын уг шийдвэр өнөөдрийн байдлаар тодорхой бэрхшээл, хүндрэлтэй тулгарч байгаа ч гэсэн урт хугацаандаа стратегийн хувьд ач холбогдол бүхий зөв чиглэл хэмээн үзэж байгаа гэв. БНСУ, Монгол Улс үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр онцолсон. БНСУ энэ замаар замнаад хэдий 70 жил болж байгаа ч одоо хэр нь бэрхшээл, хүндрэл тулгардаг. Монгол Улсын ардчилсан тогтолцоо 30 жилийн түүхтэй, өнөөдрийг хүртэл тогтвортойгоор хичээн ажиллаж байгааг хараад бахархаж явдаг хэмээн хэлэв.  

Уулзалтаар үргэлжлүүлэн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, улмаар визгүй зорчих боломжийн талаар ярилцаж санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Элчин сайд Жон Жэ Намыг бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр шууд хандаж болно гээд ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл