Цэс

Холбоо барих

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг баталлаа

Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.


    Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан. Иймээс уг хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг тусгасан байдаг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг эрхийг тусгаагүй байдаг байна. Иймд аль нэг тал шүүхийн шийдвэрт гомдолтой гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь дэмжсэнээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

    Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулсан юм.

    Үндсэн хуулийн цэц 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 12 дугаар дүгнэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэнийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.

    Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсны зэрэгцээ 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж шүүгч түдгэлзүүлж болох зохицуулалттай байсныг өөрчлөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс хоёр дахь дуудлага худалдаагаар үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоход төлбөр авагч тал нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд анхны дуудлага худалдаагаар тогтоосон үнийн дагуу хүлээж авах хэлбэрээр зохицуулахаар төсөлд тусгасан байна. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулсан юм.

    Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг анх баталж, 2001 онд Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хугацаанд уг хуульд нийтдээ 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

    Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон суваг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулсан. Эдгээр сүлжээг ашиглан яриа, интернэт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг орон даяар хүргэж байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болсон төдийгүй харилцаа холбоо, мэдээллийн технологи нь тоон эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болж байна гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.


    Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад багагүй бэрхшээл хүндрэл үүсэж байна. Тухайлбал, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээл, өрсөлдөөний орчны өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандпагад нийцүүлэн салбарын бодлого, зохицуулалтыг оновчтой болгож, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах шаардлагатай байна. Мөн 3ахиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор харилцаа холбооны салбарын хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагуудыг тодорхой болгох шаардлага бий болсон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан мөрдүүлж байсан 70 гаруй захиргааны актаас хуулиар тусгайлан эрх олгоогүйн улмаас 50 гаруй нь нийтээр дагаж мөрдөх боломжгүй болж, тус салбарт техникийн зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгааг дурдлаа. Түүнчлэн техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь эргээд техник, технологи хоорондын нэгдэн нийлэлтийг бий болгож байгаа бөгөөд энэ нь нийгэм, эдийн засгийн салбар, бизнест төдийгүй хэрэглээний түвшинд, цаашлаад өрсөлдөөний зохицуулалтад шинэ чиг хандлагыг бий болгож байгаа, салбаруудын холбоо, мэдээллийн технологи, үйлчилгээ нь харилцан уялдаагүй, нэгдсэн бодлогогүй, асар их хэмжээний хөрөнгө оруулалт давхардаж байгаа зэргээс үүдэлтэйгээр энэ салбарт хууль эрх зүйн шинэ зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч буйг онцоллоо.

    Хуулийн төсөл нь 7 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгох, салбарын үр ашигтай, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгаснаа танилцуулсан юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

    Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нэгдсэн хуралдаанд танилцуулав.


    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлэв. Засгийн газрын гишүүн Г.Занданшатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлчилгээ эрхлэгчдийн удирдлага, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Харилцаа холбооны салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд тус тус танилцуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 97 санал ирүүлснийг судлан үзэж төсөлд тусгасны дараа хуулийн төслийн талаар яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас санал авахад 17 яам, агентлаг, 3 аж ахуйн нэгж, байгууллага санал ирүүлснийг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэлж байв.

    Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд улс орны хөгжилд маш чухал ач холбогдолтой энэ хуулийн төсөлд салбарын том бодлогыг цаг үетэйгээ нийцүүлж тусгах өгөх шаардлагатай байсан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулсан учраас тулгамдсан болон бусад чухал асуудлыг ярилцаж шийдэх боломж хаагдчихаад байна. Уг нь шинэчилсэн найруулгаар оруулж ирэх нь зүйтэй байсан юм. Иргэд хүссэн мэдээллээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран олж авч чаддаг болсон, төрийн мэдээллийг хүссэн иргэд, байгууллага цахимаар шуурхай авч чаддаг тийм боломж бүрдэж байна. Тиймээс хэлэлцүүлгийн явцад асуудлыг олон талаас нь харж нухацтай ярилцаж шийдэх боломж олгох шаардлагатай байна гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан аливаа улс орны өрсөлдөх чадварын индекс нь бүх салбарт мэдээлэл технологийн дэвшил хэр нөлөөлж буйгаар үнэлдэг дэлхийн жишиг бий. Манай улсад энэ салбар сайн хөгжиж байгаа, үүний гол шалтгаан нь төрийн оролцоо бага байсантай холбоотой. Гэтэл хуулийн төсөлд төрийн зохицуулалтыг нэмсэн заалт олон байна, үүнийг хэлэлцүүлгийн дараагийн шатанд анхаарах нь чухал байна гэлээ.

    Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.


    Засгийн газрын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан. Уг ажлын хэсгийн хүрээнд 3 судалгааны хэсэг ажиллаж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагаас судалгаа авч, 77 улсын Радио долгионы тухай хууль тогтоомжийг судалсан.

    Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд заасны дагуу радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох, радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтын баримт бичгүүдийг батлах бүрэн эрхийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулах, Радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түүнд хяналт тавих, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Түүнчлэн 2001 оноос хойш шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор Радио долгионы тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байсан тул Харилцаа холбооны тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенци болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх шаардлага үүсээд байсан юм гэдгийг онцоллоо.

    Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан завсарлалаа.

    Нийтдээ 7 зүйлтэй уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл