Анхдугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1992-1996 он/

Анхдугаар сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1992-1996 он/
Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь Монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна”гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм. 
Монгол Улсын Их Хурал нь бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжин бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн. Улсын Их Хурлыг сонгох сонгууль сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоон намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авсан. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ. 
Энэ удаагийн Улсын Их Хурлын баталсан зарим онцлог хууль, тогтоомжийг дурдвал: 
Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэл хийх ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нийгмийн бүх салбарын харилцааг эрх зүйн хүрээнд шинээр уялдуулан зохицуулах өргөн хүрээтэй ажлыг хийжээ.
Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн засаглалын байгууллагуудыг шинээр бүрдүүлэн бататгаж,тэдгээрийн статус, хоорондын харилцааны тэнцвэрийг эрх зүйн хүрээнд бий болгож өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэн баталжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан орон нутгийн өөрөө удирдах ̧ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлсэн. 
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталж, 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлон тогтоов. 
Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталсан. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг дурдаж болно. 
Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, 
үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон. 
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиудыг тус тус батлан гаргажээ. 
1992-1996 оны Улсын Их Хурал нь бүтцийн хувьд 10 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд: 
1. Байгаль орчныг хамгаалах байнгын хороо (дарга Ч.Хурц, М.Мэндбилэг нар сонгогдон ажилласан) 
2. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо (дарга Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл) 
3. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо (дарга Д.Лүндээжанцан)
4. Дотоод асуудлын байнгын хороо (дарга С.Чулуунбаатар) 
5. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (дарга А.Базархүү) 
6. Хурал, захиргааны байнгын хороо (дарга Д.Дашцэдэн, А.Болат) 
7. Хууль зүйн байнгын хороо (дарга С.Төмөр, Ц.Нямдорж) 
8. Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хангамжийн байнгын хороо (дарга Г.Зуунай, Д.Мөнхөө)
9. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (дарга Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан)
10. Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (дарга Г.Цэдэндагва) 

Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын, Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Эдийн засгийн бодлогын гэсэн нийт зургаан Байнгын хороотой ажилласан байна. 
1992-1996 оны Улсын Их Хуралд МАХН парламентын олонхи болж сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрээ хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ.