Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 40 минутад эхэлж хоёр асуудал хэлэлцэв. 

    Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тус хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн уг асуудлыг хэлэлцүүлж буйгаа тэрбээр танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Чинзориг, Д.Дамба-очир нар зарим зүйлийг тодруулж, хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 


    Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаар танилцууллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь тус албан тушаалд ажиллах хугацаандаа улсын эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ болон олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласан ч тодорхой үр дүнд хүрээгүйг тэрбээр танилцуулав. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш хэмээн үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мөн танилцуулгадаа дурдсан. Иймд Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.4 дэх заалтыг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх саналтай байгаа гэв. 


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Я.Содбаатар, Т.Аюурсайхан, Д.Дамба-очир, Б.Жавхлан нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тодруулга авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Надмидын Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжив. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл