Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-11-10 19:11 Уншсан: 82

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.11.10) Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын Пусан хотын нүдний эмнэлгийн эмч Ли Санг Хо тэргүүтэй эмч нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 27 жил болж, энэ хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.


Ноён Ли Санг Хо, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулаад арван жил болсон. Энэ хугацаанд Улаанбаатар хотын 114, 60, 135, 10 дугаар дунд сургуулиудын сурагчдыг сайн дурын үзлэг оношилгоонд хамруулж, харааны шил зүүх шаардлагатай сурагчдад үнэ төлбөргүй харааны шил олгосон. Мөн Хөвсгөл аймаг, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэдийг оношилж, нүдний шил олгох тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж танилцууллаа. Тэрбээр энэ удаад Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад сайн дурын үйл ажиллагаагаа явуулах гэж байгаагаа онцлов. Сайн дурын үйл ажиллагааныхаа хүрээнд энэ жилдээ багтаан Монгол Улсын 1000 гаруй иргэний нүдний харааг оношилж, харааны шилээр хангах юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгаас сонгогдсон парламентын төлөөлөгчийн хувьд сайн дурын ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой хүмүүсийг түлхүү хамруулах зорилготой байгаагаа хэлээд, ажилд нь амжилт хүсэв.

Уулзалтын төгсгөлд ноён Ли Санг Хо “Өнөр бүл” асрамжийн төвийн 60 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулахаар болсноо мэдэгдээд, ирэх таван жилд Монгол Улсын 21 аймагт хүрч ажиллахаар төлөвлөж байгаа талаараа дуулгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-11-10 19:11

Хуралдааны тов