Цэс

Холбоо барих

Ж.Түмэндэмбэрэл: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд иргэн бүрийн оролцоо чухал

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь УИХ, шүүх эрх мэдэл, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх, үүргийг шинээр тодорхойлох, төрийн албаны шатлан дэвших мерит зарчимд тулгуурлан мэргэшсэн, чадварлаг байх боломжийг бий болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр томьёолон баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилдог болох зэрэг үндсэн зургаан сэдвийн хүрээнд юм. Түүнчлэн төсөлд тусгагдсанаас бусад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи саналаа хууль тогтоогчдод хүргүүлэх боломж олгож буйгаараа энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг онцлогтой” хэмээн Цагаан-Уул суманд болсон олон нийтийн хэлэлцүүлгийг нээсэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд онцоллоо.


Мөн тэрбээр Хөвсгөл аймгаас төрсөн гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн хэлсэн байдгийг дурдаад дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, цаашдын чиг хандлагад нийцүүлэн сум орон, улсаа хөгжүүлэхэд иргэн бүрийн санал үнэтэй тул хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар иргэн бүрийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалан хөвсгөлчүүддээ мэндчилгээ дэвшүүлснийг аймгийн Засаг дарга Л.Ганболд энэ үеэр уламжлав.


Хөвгөл аймгийн Цагаан-Уул суманд өнөөдөр (2017.08.23) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газраас томилсон баг зохион байгуулж байна. Бүсчилсэн хэлэлцүүлэгт Цэцэрлэг, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумын иргэд, төрийн захиргааны албан хаагчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл оролцов.

Нээлтийн дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан дөрвөн шатны үйл явцын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас томилсон долоон баг долдугаар сарын 31-ний өдрөөс хойш 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт энэхүү төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 19 аймагт, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд бүсчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байгаа. Одоогоор 10 мянга гаруй иргэн олон нийтийн эхний шатны хэлэлцүүлэгт оролцон, 8000 гаруй иргэн саналын хуудсаар дамжуулан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналаа ирүүлээд байгааг танилцуулсан юм.


Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Шүүх эрх мэдэл”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн зургаан багц сэдвээр дэлгэрэгүй танилцуулга хийлээ.

“Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар” сэдвийн хүрээнд төсөлд тусгагдсан зүйл заалтыг дэлгэрэнгүй танилцуулсны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Шүүх эрх мэдэл” сэдвийг танилцуулав.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөхөөр дараахь өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгажээ.


Мөн шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор дараахь өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгасан байна.


Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан заалт нэг бүрийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур танилцуулав.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн албыг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэхээр төсөлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгажээ.


Төслийн талаархи танилцуулгын дараа иргэд зарим зүйлийг тодруулан, төсөлтэй холбоотой саналаа илэрхийлсэн. Цагаан-Уул сумын Жаргалант багийн иргэн Баатарчулуун манай улс, Үндсэн хуульдаа парламентын засаглалтай хэмээн тодорхойлсон атлаа дунд болон доод шатандаа аймаг, сумдын Засаг дарга нар босоо тогтолцооны дагуу Засгийн газрын эрх мэдэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг нь засаглал тодорхой бус байдалд хүргэдэг болохыг дурдаад Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасныг дэмжлээ.

Мэргэшсэн төрийн албан хаагч гэдэг тун үнэ цэнэтэй байдаг тул үүнийг бататгах, эрх зүйн баримт бичгүүдэд тулгуур үзэл болохуйц нэмэлт, өөрчлөлт тусгаж байгаад Бүрэнтогтох сумын иргэн Пүрэвжав талархалтай хандан, дэмжиж буйгаа хэллээ. Мөн тэрбээр улсын төсвийг батлах, үндсэн чиг үүргийн яамдын тоо тав байх нь их, багийн Засаг даргыг томилох бол сумын Засаг даргыг сонгодог байх нь зүйтэй хэмээн үзэж байна гэлээ.


Бүрэнтогтох сумын Эрчим багийн иргэн Б.Мягмаржав “1992 онд батлагдсан Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж байгаа сайн хууль хэдий ч үүнийг өөрчлөхгүй гэх нь утгагүй зүйл гэж хувьдаа харж байна. Зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээ бий гэдгийг өнөөдөр олон үйл явц, үр дүн нотолж байна. Тиймд иргэн бүр төдийгүй улс төрчид, улс төрийн намууд хувийн эрх ашгийг хойш тавьж, Монгол гэдэг язгуур эрх ашгийн төлөө нэгдэн Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд хандах ёстой. Манай улсад сүүлийн үед эрх мэдэл, хяналт нь холилдоод, тэнцэл алдагдсан. Үүнийг улс төрд ёжлоод “давхар дээл” гэж хэлдэг. Улс оронд үүссэн хүндхэн асуудлуудын суурь шалтгаануудын нэг бол энэ” гэлээ. Ийнхүү тодорхой саналуудынхаа үндэслэл, шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаад иргэн Б.Мягмаржав УИХ-Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч-Засгийн газар, УИХ-Засгийн газар хоорондын эрх мэдлийн хяналт тэнцэлийг хангах, УИХ-ын хуралдааны ирц болон хууль батлах ирцтэй холбоотой саналууд гаргав.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод болон дээд насны хязгаарыг тогтоох, УИХ-ын гишүүн Засгийн газрын танхимд ажиллах шаардлагагүй, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, төрийн албыг бэхжүүлэх нэн чухал шаардлага бий тул төсөл дэх заалтыг дэмжиж буйгаа, сумдын Засаг даргыг сонгодог болох, төрийн байгуулал нэгдмэл байх зарчим орон нутагт алдагдаад буйг засах, Үндсэн хууль дахь Монгол Улсын иргэн бүрийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалан бэхжүүлэх, Үндсэн хуулийг зөрчсөн олон органик хуулиудыг засах зэрэг саналыг гаргаж байлаа. Түүнчлэн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага”, “Төрийн алба” сэдвийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх заалтуудтай холбоотой саналыг иргэнд илүүтэй хэлж, төслийг дэмжиж байгаагаа хэлж байсан.


Өнөөдрийн олон нийтийн хэлэлцүүлэгт Цагаан-Уул, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумдын 163 иргэн оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналаа 150 иргэн саналын хуудсаар бичиж ирүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг маргааш Мөрөн суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл