Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаан 14.00 цагт 57.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэн баталдаг. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Улсын Их Хурал, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийн хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн төсвийн зарлагын чиглэлд дорвитой шинэчлэл шаардлагатай. Төрийн байгууллагын санхүүжилтийг цагийн бүртгэлээр бус хийснээр нь, цаасан тайлангаар бус бодит үр дүнгээр нь, нийлүүлсэн тоогоор бус хүрсэн чанараар нь тооцдог болохоор ажиллана гэлээ.
Энэ хүрээнд эхний ээлжид эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц арга хэмжээг үргэлжлүүлэх юм байна.
Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар төсвийн зардлыг бууруулах ямар арга хэмжээ авах, төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж 2020 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2022 онд 26 хувиар нэмэгдэхээр тооцсон нь бодитой эсэх, улсын төсөвт тодотгол хийх эсэх талаар асууж тодрууллаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Батжаргал нар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг сануулж, дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөж байгаа таатай цаг үеийг зөв ашиглаж гадаад өрийг багасгах, эдийн засгийг сэргээхэд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулахаар тогтов.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал, дарамт ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд чирэгдэлгүй хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулж, УИХ-ын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар соёрхон батлуулсан.
Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 156.4 сая ам.долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Харин 2021 онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн болон 40 сая ам.долларын эх үүсвэр бүхий Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Мөн цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, 2021 оны 07 дугаар сар хүртэл олгох ажлыг дэмжих зорилгоор 73 сая ам.долларын, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах нийгэм хамгааллын хоёр төслийг батлуулахаар төлөвлөжээ.
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг баталснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг олгох юм байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 2 хувь байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байхад анхаарах ёстой сануулж, дахин бонд босгож, зээл авах эсэхийг тодрууллаа.
Азийн хөгжлийн банкнаас авах зээлийг төсвийн дэмжлэг болон цар тахлын эсрэг вакцин худалдан авахад зарцуулна. Гадаад өрийг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа учраас тодорхой зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг Сангийн сайд хариултаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.