“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 34 дугаарын тойм

  2020-09-14 15:40  88

   

     Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт батлагдсан 17 хууль,  УИХ-ын тогтоолын танилцуулгууд нийтлэгдсэн. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулиудыг нийтэллээ.

    Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг даван туулах зайлшгүй шаардлагын үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг тодотгох шаардлагатай болсон юм. Уг хуульд Монгол Улсын 18 хүртэлх насны хүүхэд бүрд 4 дүгээр сараас эхлэн сар бүр 100 000 төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгох, Боловсролын зээлийн санд 42.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталснаар тус сангаас оюутны хөгжлийн зээлд 10,000.0 сая төгрөг, сувилагч мэргэжлээр төрийн их дээд сургуульд суралцагсдын тэтгэлэгт 5,919.4 сая төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд 10,000.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар баталлаа. Хүүхэд харах үйлчилгээнд 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар болсны зэрэгцээ Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эсрэг вакцин худалдан авах болон улирлын томуугийн вакцинд шаардагдах, түүнчлэн цар тахлын голомтот бүсэд ажиллаж байгаа, эмч, ажилчдын дэмжлэг зэрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах арга хэмжээнд зориулан 118,6 тэрбум төгрөг, эрүүл мэндээс бусад салбарын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэлд зориулж 6.2 тэрбум, Засгийн газрын нөөц санг 40 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулалд зориулан 244.8 тэрбум төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлж хэрэгжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулаагүй, ажил нь эхлээгүй болон цар тахлын үед зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагагүй, тэвчиж болохуйц зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг царцааснаар улсын төсвөөс 4,118,180.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1356 төсөл арга хэмжээг 2020 онд 1,330,855.4 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр өөрчлөн баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Түүнчлэн ирэх 3 жилд баримтлах 2021-2023 оны төсвийн бодлого, гадаад орчны өөрчлөлтийн дотоодын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн уналтыг зогсоох, тогтвортой өсөлтийг хангаж, төсвийн тэнцлийг сайжруулахад чиглэгдсэн дунд хугацааны төсвийн бодлогын орчинг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцах боломжтой. 

   Мөн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв. Тухайлбал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын эмийн зах зээл дээр байгаа 3 эм тутмын 1 нь хуурамч, эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин үнэтэй, чанаргүй байгааг тогтоосон бөгөөд энэ нь иргэд антибиотикийн замбараагүй хэрэглээтэй болж, эмэнд дасалтай болох, өвчин эдгэхгүй байх, иргэд санхүүгийн эрсдэлд нэрвэгдэх байдалд хүргэжээ. Иймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-тай байхыг хуульчлан, үүнтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтад Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмж тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2020-09-21 15:40  88