Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

  2019-07-02 09:25  375

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр (2019.07.02) Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 


Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна. Банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн байна. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн судалгаа, үнэлгээ, олон улсын сайн туршлага, судалгаанд үндэслэн чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 9 бүлэг, 43 зүйлтэй аж.


Хуулийн төслөөр актив удирлагад холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна Актив удирдлагын компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулах, бие даасан хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх, Актив удирдлагын сангийн талаарх зохицуулалт болон Актив удирдлагын компанийн үйл ажиллагааг зогсоох талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төсөлд чанаргүй зээл, активыг шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ нь чанаргүй зээл, активыг түргэн хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Актив удирдлагын компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгагдсан бөгөөд түүний үйл ажиллагааны гол зорилго нь чанаргүй активыг түргэн хугацаанд шийдвэрлэх явдал аж.

Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжихийн зэрэгцээ улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2019-07-02 13:27  375