Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

  2017-05-02 22:15  357


УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.05.02) үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

Эрдэнэт хот нь анх 1974 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах боловсон хүчин илгээлтээр очиж, улмаар тус үйлдвэрийг дагаж хот болон хөгжсөн түүхтэй, төвлөрсөн суурин газар юм. Орхон аймгийн хүн амын 50-аас дээш хувь нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй шууд болон шууд бус хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, орлого олдог тул уг үйлдвэр хаагдсаны дараа Орхон аймаг эдийн засаг, нийгмийн хувьд оршин тогтноход тун хүнд байдалд орно. “Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр” гэж байдаггүй тул үйлдвэр хаагдахын цагт аймгийн хүн амыг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах, экологийн доройтолд оруулахгүйн тулд хөгжлийн сан байгуулж, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах хэрэгтэй гэдгийг тогтоолын төслийн үзэл баримтлалд дурджээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс авч буй татвар, хураамж нь зөвхөн улсын төсөвт төвлөрдөг. Орхон аймгийн иргэд, орон нутагт огтхон ч хүрэлцдэггүй. Тиймээс уурхайн нөөц дуусч, “Эрдэнэт үйлдвэр” хаах үед Орхон аймгийн экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгохыг Засгийн газар чиглэл болгох нь зүйтэй хэмээн үзэж, тогтоолын төсөл боловсруулжээ.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Саяхан тогтоосноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөцийг дахин 60 жил ашиглах боломжтой гэснийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэв. Өнөөгийн нөхцөлд асуудлыг ийм байдлаар хэлэлцэх нь иргэдэд “Эрдэнэт үйлдвэр хаагдаж, бид амжиргаагаа залгуулж чадахгүй болох нь” гэсэн хоосон хардлага төрүүлэх эрсдэлтэй тул хойшлуулах зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас, аливаа уурхайн хаалт, түүнийг дагасан нөхөн сэргээлт болон бусад асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулж байгаа мэдээллийг өгсөн юм. Иймд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир нар хэлэлцэж буй тогтоолын төслийн агуулгаар зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг дангаар нь ярих зохимжгүй, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон уурхай, үйлдвэрийг хамруулан бүхэлд нь хэлэлцэх санал гаргаж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонслоо

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсов.

Дээрх тогтоолын хүрээнд төрийн өмчийг 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгаад дүгнэлт хийж, 2017 онд хувьчлагдахаар төсвийн тооцоонд орсон объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын талаар тус Байнгын хороонд 2017 оны эхний улиралд багтаан танилцуулах үүрэг чиглэл өгсөн болохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д нийт 20 хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, хувьчлах, нэмэлт хувьцаа гарган Хөрөнгийн биржээр арилжих, төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгон худалдахаар тусгажээ.

Төрийн өмчийн хороо (хуучин нэрээр) 14 хуулийн этгээдийн хувьчлал өөрчлөн байгуулалтыг, Сангийн яам 2 хуулийн этгээдийн хувьчлалыг, “Эрдэнэс МЖЛ” ХХК нь 2 хуулийн этгээдийн хувьчлалыг тус тус хариуцан ажилласан байна. Энэ талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга дэлгэрэнгүй танилцуулаад, үндсэн чиглэлд тусгагдсан зарим хуулийн этгээдийн хувьчлал, өөрчлөн байгуулалт үр дүнд хүрээгүй шалтгааны талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх хэмжээ болон салбарын яамд, агентлагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийн биелэлтийн талаар танилцуулсан юм. Ирэх дөрвөн жилд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах, орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийж, дүнг танилцуулах, төрийн өмчит компаниуддын өр, зээлийн байдалд нэгдсэн судалгаа, дүгнэлт хийх чиглэлийн хэрэгжилтийн талаар Байнгын хороонд мэдээлэл хийв.


Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас хариулт авч, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Онцгой обьектуудаас бусад үр ашиггүй ажилладаг, төсөвт ачаалал үүсгэдэг төрийн өмчит компаниудыг цэгцлэх саналыг гишүүд гаргаж байсан. Засгийн газар эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай холбоотойгоор хувьчлалыг хойшлуулах байр суурьтай байгаа ч цаг хугацаа алдаж, хойшлуулах хэрээр тухайн өмчийн үнэ цэнэ алдагдах эрсдэлтэй гэдэг анхааруулж байв. Мөн эдгээр компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль бус шийдвэр гаргасан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдол бий эсэхийг тодруулсан Д.Дамба-Очир гишүүний асуултад хариулахдаа тодорхой тооны тохиолдол байгаа бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох мэдээ, мэдээллийг гаргаж өгч байгаа гэв. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаарх асуултад хариулахдаа “Манай газрын удирдлагаас шууд менежмент хийж байгаа 80 гаруй төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд холбогдох тогтоолын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүүгүй цалин авч байгаа” гэлээ. Харин ЗГХЭГ-ын шууд харъяалалд байдаг төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн цалин хөлсний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэллээ.

Ийнхүү хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг тусган УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэв.

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов

Хуралдаан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх мэдээллээр үргэлжиллээ.

“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний гүйцэтгэх удирдлагын зүгээс 2017 оны бизнес төлөвлөгөөний төслөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, энэ оны хоёрдугаар сард батлуулсан болохыг тус компанийн захирал Х.Бадамсүрэн мэдээллийн эхэнд онцоллоо. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байгаа, үйлдвэрийн хувьд уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч, хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны зардал жилээс жилд нэмэгдэж байгаа боловч тус компани энэ оны бизнес төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь ханган биелүүлэхээр ажиллаж байгаа гэв. 2017 онд 30.9 сая тн хүдэр боловсруулж. 576.6 мянган тн зэсийн баяжмал, 3.8 мянган тн молибдений баяжмал үйлдвэрлэх, үйлдвэрлэл, борлуулалтын үр дүнгээр 37,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Энэ оны I улиралд техник технологийн үзүүлэлт болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашгийн дүн нэмэгдсэн бөгөөд эл үзүүлэлтийн өсөлтөд технологийн үзүүлэлтийн сайжруулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, зэсийн үнэ, валютын ханш зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж тооцоолсон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2017 оны I улиралд улс, орон нутгийн төсөвт нийт 130,5 тэрбум төгрөг, эхний 4 сарын дүнгээр 187.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үүнээс гадна 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар эрчим хүчний төлбөрт 53.4 тэрбум төгрөг, зэс болон молибдены баяжмалын тээврийн төлбөрт 12,9 тэрбум төгрөгийг тус тус төлөөд байгаа аж.


Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 6000 ажилтан ажиллаж байгаа гэлээ. Тайлант хугацаанд компанийн хэмжээгээр 341,3 тэрбум төгрөгийн зардлын гүйцэтгэлтэй байгаа нь төлөвлөгөөнөөс 1.1 хувь буюу 3,8 тэрбум төгрөгөөр хэтэрсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний өсөлтөөс үүдэлтэй болохыг тайлбарлав. Түүнчлэн Х.Бадамсүрэн захирал компанийн зээл, өр болон авлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс тодруулга хийж зарим асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлсэн юм. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн С.Чинзориг, мэдээллийн явцад шаардлагатай мэдээллээ авсан учир санал хэлэхгүйгээр уг асуудлыг хаах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Үүний дараа Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг зөвшилцөв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэрээний төслийн талаар хуралдаанд танилцууллаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ соёрхон баталсан. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд  хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн 95 хувийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр БНХАУ-ын талтай тохиролцсон байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжснээр Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ын зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийв. Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохиржээ. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэв. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлэх аж. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. 

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохирчээ.


Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхитэй хамтран ажиллаж байгаа аж. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. 

Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-05-02 22:15  357