Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар, төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байна. 


    Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэг өнөөдөр (2019.07.01) хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Д.Солтан, Д.Тогтохсүрэн нар болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо. 

    Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Дэд ажлын хэсгийн гишүүд болох Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцсон.


    Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, Дэд ажлын 4 хэсэг буюу Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг тус бүр тодорхой саналуудыг нэгтгэн ирүүлснийг танилцуулав. Мөн тойрогтоо ажиллаад, иргэд сонгогчдодоо төслийг танилцуулсан Улсын Их Хурлын гишүүд иргэдээс ирүүлсэн саналуудыг Дэд ажлын хэсгүүдэд хүргүүлсэн болохыг тэрбээр Ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн. 


    Хуралдаанаар Дэд ажлын хэсгүүдээс боловсруулсан санал нэг бүрийг хэлэлцэж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монгол хэлний мэргэжлийн судлаач, эрдэмтэн оролцуулж, үг, өгүүлбэр бүрийг тодорхой, салаа утгагүй, оновчтой байлгах чиглэлээр ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, төслийн томъёолол нэг бүрийг сайтар нягтлан, иргэдээс ирүүлсэн саналуудыг харгалзаж, тусгах нь чухал болохыг Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлж байсан. Хуралдаанд оролцсон гишүүд Дэд ажлын хэсгийн санал нэг бүр дээр хэлэлцэж, холбогдох тайлбар, үндэслэл, тодруулгыг асууж, хариулт, тайлбар авсан юм. 


    Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл