Дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2004-2008/

Дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2004-2008/

Энэ удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд суудал авсан улс төрийн хүчнүүдэд нэгдэн зохицож, хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлэн ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент байв. Тиймээс энэ Улсын Их Хурал манай орны улс төрийн амьдралын нэн хариуцлагатай үед өөрийн бодлого, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.

2004 оны Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж оролцсоноос МАХН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам 1 суудал тус тус авч бие даан нэр дэвшсэн 3 нэр дэвшигч гишүүнээр сонгогджээ. Ингэж сонгуулийн дүнд улс төрийн томоохон хүчнүүдийн харьцангуй тэнцвэртэй төлөөлөл бүхий парламентын олонхи, цөөнхгүй өвөрмөц парламент бүрдсэн нь парламентад суудалтай улс төрийн гол хүчнүүдэд хамтран зөвшилцөж ажиллах түүхэн шинэ боломж нээж өгсөн онцлогтой юм. Тиймээс МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө харилцан хяналттай, хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч, “Зөвшилцлийн гэрээ” байгуулан хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан билээ.

Улсын Их Хурал дахь “Эх орон-Ардчилал“ эвсэл 2004 оны 12 дугаар сард татан буугдсан хэдий ч төр, засгийн тогтвортой ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Ардчилсан намын болон ИЗБН-аас Улсын Их Хуралд сонгогдсон нийт 26 гишүүн Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт өөрсдийн саналаар нэгдэн орж ажиллажээ. Харин 2005 оны 7 дугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар” өөрчлөгдөн хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Ийм нөхцөл байдалд парламентын баримтлах гол зарчим нь улс төрийн намууд харилцан зөвшилцөж, өөр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ улс орон, ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллах явдал байв. Энэ удаагийн Улсын Их Хурал ийм хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монголын парламентат ёсны хөгжлийн ээдрээтэй бөгөөд сургамжтай үеийн түүхийг бүтээсэн гэж үзэж болно.

Дөрөв дэх удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд баталсан зарим онцлог хууль,тогтоолыг тоймлон дурдахад:

·      Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлан гаргаснаар эрх зүйн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлсэн. 

·      Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлан гаргасан.                               

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль баталснаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай болсон. 

·      Сэргээгдэх эрчим хүчний хууль батлан гаргаж эрчим хүчний төвлөрсөн систем, бүс нутгийн эрчим хүчний найдвартай,бие даасан ажиллагааг хангах,алслагдсан сум,суурин газрууд,малчин айл өрхийг цахилгаанаар хангах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой болжээ. 

·      Авлигын эсрэг хууль, Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин Үндэсний радио, телевизийг Засгийн газрын хараат бус болгож Олон нийтийн радио,телевизийн тухай хууль батлан гаргаж өөрчлөн зохион байгуулсан. 

·      Ашигт малтмалын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/, Төмөр замын тээврийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ зэрэг томоохон хуулиуд батлан гаргасан.

·      Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулиуд баталж нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авсан.

·      Монгол Улсын Их Хурлын тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгуулийн шинэ тогтолцоог батлан хэрэгжүүлжээ.

Бүтцийн хувьд энэ удаагийн Улсын Их Хурал нь өөрийн зохион байгуулалтын хэлбэр болох Байнгын хорооны бүрэлдэхүүнд нийт гурван удаа өөрчлөлт оруулж, 2004 оны наймдугаар сард 7 Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлжээ. Улмаар 2004 оны 12 дугаар сард 11 Байнгын хороотой болж, 2006 оноос Байнгын хороодын тоог цөөрүүлэн долоо болгожээ. Үүнд: 

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /дарга М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа нар сонгогдон ажилласан/ 

2.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /дарга Ч.Раднаа, А.Бакей, Я.Санжмятав/ 

3.    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /дарга С.Ламбаа, Т.Ганди/ 

4.    Төрийн байгуулалтын байнгын хороо /дарга Су.Батболд, Д.Дондог/ 

5.    Төсвийн байнгын хороо/дарга Р.Бадамдамдин, Ч.Улаан, Л.Пүрэвдорж/

6.    Хууль зүйн байнгын хороо/дарга Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Шаравдорж/

      7.  Эдийн засгийн байнгын хороо /дарга Ц.Дамиран, Л.Гантөмөр, Д.Ганхуяг/