УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай, “Төрийн зарим байгууллагын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг өргөн барилаа.
УИХ-аас Тѳрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэсэн. Энэ хуулиар төрийн албаны чадахуй (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгохоор зохицуулсан билээ.
Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 50 шахам журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд УИХ-аас тогтоол гарган батлах ёстой хэд хэдэн журам байгаагийн 4 нь эдгээр журмууд юм.
1. “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай”
Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр хуульд өргөтгөн тодорхойлсон юм.
Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн.
Тиймээс Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийн шинэ тѳслийг Тѳрийн албаны тухай хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ.
2. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байна.
Тѳрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-д өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ.
Ирүүлсэн саналыг багцлан үзвэл албан тушаалыг зэрэг зиндаа ахиулахаар гаргаж байгаа санал зонхилж байгаа юм. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, байгууллагуудаас ирсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, хангамжийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.
Тиймээс одоо мөрдөгдөж буй ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзээд энэ тухай тогтоолын төслийг боловсруулжээ.
3. “Төрийн зарим байгууллагын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын
ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэнУлсын Их Хурал тогтооно” гэж заасан юм.
Дээрх байгууллагуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталснаас хойш 9 жил мөрдөж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрчлөлт ороогүй байна.
Энэхүү ангилал, зэрэглэлд хамрагдсан зарим байгууллагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөн тул ангилал, зэрэглэлд нэмж тусгах, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Иймд “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг шинэ хуульд нийцүүлж, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
4. “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай
маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын тухай”
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасантай холбогдуулан шинэ журмын төслийг боловсруулжээ.
Журмын шинэчилсэн найруулгын төслийг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль,Хууль тогтоомжийн тухай хууль,Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”зэрэг хууль тогтоомжийг үндэслэн боловсруулжээ.
Журмын төслийг хэлэлцэн баталснаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт бий болох юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс