Цэс

Холбоо барих

Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.31) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 33 минутад эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

    Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Энэхүү тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогын байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. 

    Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх аж.


    Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр хамгааллын менежментийг Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу шинээр бүтэц орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр батлагдсан орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлэх аж. Харин байгалийн нөөц газар болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газруудын хамгааллын менежментийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ. 

    Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Б.Баттөмөр, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Батзориг, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа.   

    Аль нэг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахын тулд холбогдох хуулиар хэд хэдэн үе шаттай үйл явц явагддаг байна. Юуны өмнө орон нутгийн хүсэлтийн дагуу тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий судалгааны баг ажилладаг. Үүнийг сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжлэг авсны дараа салбарын яамаар дамжуулан Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлдэг болохыг мэргэжилтнүүд тайлбарлав. Гишүүдийн тодруулсны дагуу байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар, нутгийн иргэдийн тахин шүтдэг соёлын өв бүхий газар нутгуудад олгосон лицензийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар мөн тайлбар өгсөн юм. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах 7 үндэслэл байдаг байна. Үүний нэг болох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гарган Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлснээр, тус газар ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлах зохицуулалттай байдаг байна. Өнгөрсөн хугацаанд яг энэ үндэслэлээр 2-3 ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байсан тохиолдол байдаг байна. Орон нутгийн иргэдээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтийг ирүүлдэг бөгөөд уг асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлэх, үүнээс улбаалан төлбөр санхүүгийн үр дагавар үүсдэг гэдгийг дурдаж байв. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт иргэд зорчих, нөхөн сэргээгддэг баялгийг ашиглах, эко системийн тэнцвэрийг хангах механик үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог эрсдлийг гишүүд сануулж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг асуудлыг анхаарч үзэн, тодорхой гарц шийдлийг боловруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа талаар Н.Цэрэнбат сайд хэлсэн. 

    Монгол Улсын Засгийн газраас зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авдаг хэдий ч тэдгээрийг ашиглах, хамгаалах асуудлыг орхигдуулдаг, тухайн газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэн, зохистойгоор эдийн засгийн үр ашиг авах, байгалийн унаган төрхийг бүрэн хадгалж чадаагүй баримт жишээ цөөнгүй байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Салбарын яамны бүтэц, орон тоо нэмэгдэж байгаа хэдий ч тэдгээрийн хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хангалтгүйг дурдаад, улсын тусгай хамгаалалттай газруудад хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцсон тохиолдол бий эсэхийг лавлаж байлаа. Салбарын яамны бүтэц, орон тоо хангалтгүй, төсөв хүрэлцээгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэл 2008 оноос хойш хийгдээгүй, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж буйтай холбоотой орон тоо, төсөв нэмэх боломжгүй гэх зэрэг бэрхшээл олон бий гэв. Сав, газруудыг хамгаалах үйл ажиллагааны гол зардал шатахуун, түлш байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар үнэ нь өссөн байгааг Н.Цэрэнбат сайд тайлбарлаж байсан. Мөн төсвийн зохицуулалт, хуваарилалтын асуудлыг оновчтой болгох шаардлага бий гэв. Одоогоор гадны улс орнуудын төсөл хөтөлбөр, дэмжлэгт тулгуурлан байгаль хамгаалах үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдсан. 


    Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлах тухай хуулиудыг батлав

    Үргэлжлүүлэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар танилцуулсан юм. 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаадын этгээд оролцсон буюу өөр улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх шаардлага гарахад олон улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь шүүх засаглал, шударга ёсыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгааг сайд илтгэлдээ дурдав.

    Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ. Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжин, хуулийн эцсийн найруулгын сонслоо. 

    Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. 

    Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд хоёр улсын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж.

    Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хоёр тал хэлэлцэн тохирч, гэрээг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ. Уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар танилцуулсан. 

    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. 


    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв. Улс орнуудын хуулийн байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог бөгөөд үүнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын хоёр талт болон олон талт гэрээ нь эрх зүйн үндэслэл болдог. Иймээс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулжээ. Уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн юм.

Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

    Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорациас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойш 3 жил гаруйн хугацаанд Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацтай хамтран Компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг 2018 оны 5 дугаар сард бүрэн хангаж дуусгасан.


    Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Компакт гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зөвшилцөж, гарын үсэг зурах асуудлыг зөвшөөрсөн санал, дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд Компакт гэрээний талаарх хэлэлцээ 2018 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод амжилттай явагдаж, гэрээний төслийг тохиролцжээ. 

    Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал дэмжигдэж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргатай Компакт гэрээг хэрэгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг сайд танилцуулав.

    Компакт гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд олгосон 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм байна.

    Төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Лхагва (2019.01.30)  гарагийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. 


    Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, А.Ундраа, С.Бямбацогт, Б.Батзориг, Б.Пүрэвдорж, П.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Энэхүү төсөл нь хоёр орны хооронд тун амжилттай хэрэгжиж буй гэрээ бөгөөд нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад дэвшил үзүүлэх үр нөлөө бүхий гэрээ гэдгийг онцолж байв. Төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын талаас хүлээх хариуцлагыг чангатгаж, төлөвлөгөөний дагуу явуулахад анхаарах, санхүү төсвийн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үр ашигтай зохион байгуулахад анхаарал тавьж ажиллах нь чухал гэдгийг сануулж байв. Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын ард түмнээс Монгол Улсын ард түмэнд өгч буй том бэлэг бөгөөд энэ бол 350 сая ам.долларын буцалтгүй тусламж гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн цохоод 2015 оны хавраас хойш хэд хэдэн Засгийн газар дамжин яригдсан гэрээг эцэслэж чадсан Гадаад харилцааны сайд, Ажлын хэсгийн ахлагч, шинжээчдийн баг хамт олонд талархал илэрхийлсэн. Монгол төрийн гадаад харилцааны хамтын ажиллагааны залгамж, мэргэжлийн баг хамт олны тасралтгүй, идэвхтэй ажилласаны үр дүнд гэрээг ийнхүү эцэслэж буйг тэмдэглэв. Төслийг хэрэгжүүлэхийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас мэргэжлийн баг томилон ажиллуулсан бөгөөд Монгол Улс дахь бизнесийн орчны хамгийн том хүндрэл нь улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал бөгөөд энэ эрсдлээс хамгаалах ямар нэг арга хэмжээг Америкийн Нэгдсэн Улсын зүгээс авах боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргасан гэдгийг дурдсан. Түүнчлэн санхүүжилтийн өндөр өртөг нь бизнесийн хүндрэл, удаад нь усны менежмент, өртөг, усны хангамжийн эрсдэл гэдгийг тус улсын Засгийн газрын мэргэжлийн баг хоёр жилийн судалгааныхаа тайланд дурдсан. Үүний үр дүнд энэ гэрээг байгуулж буйг дурдав. Төсөл хэрэгжсэний үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж 20-25 жилээр сунгагдаж байгаа бөгөөд дээрх хугацааны дараа нийслэлчүүд усны гачигдалд орох эрсдэл нүүрэлсээр байхыг хэлж байв. Тиймээс энэ хугацаа сунгаж буй арга хэмжээг ашиглан хэтдээ усан хангамжийн эрсдлээ бууруулах дараа дараагийн арга хэмжээгээ авах, бүтцээ бүрдүүлэх, арвич гамтай хэрэглэж сурах гэх мэт олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв. Төслийн гол ач холбогдол нь хоёр үйлдвэр барихаас гадна усны менежментийг сайжруулах юм. Монгол Улс төслийн санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ улс орондоо орчин үеийн усны менежментийг нэвтрүүлж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээж байгааг Улсын Их Хурал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газар, салбарын яам анхаарах ёстойг онцолж сануулсан. Гэрээний хүрээнд усны асуудал хариуцсан агентлагтай болж, устай холбоотой бүх асуудлыг хариуцах ёстой, мөн усны төлбөр алсдаа нэмэгдэж, иргэд аж ахуйн нэгжүүд усны хэрэглээндээ арвич хямгач хандах шаардлага үүснэ гэдгийг дурдлаа. 

    Ингээд Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив. Иймд батлагдсан хуулийн эцсийн найруулгын сонсоноор энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл