Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /1996-2000/

Улсын Их Хурал дахь МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн гишүүд 
Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн гишүүд

1996 онд болсон Улсын Их Хурлын сонгуульд нэг мандат бүхий 76 тойргоос олонхийн саналаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон. Сонгуулийн дүнд МҮАН, МСДН, МШАН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал тус тус авч, сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдсан юм. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон билээ. 
Энэ парламентын үед байгуулагдсан Засгийн газрыг огцруулах тухай хоёр удаа санал гарч,1997 онд Улсын Их Хурал дахь МАХН- ын бүлгийн нэр бүхий 24 гишүүний гаргасан саналыг Улсын Их Хурал хэлэлцэн олонхийн саналаар Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газарт итгэл хүлээлгэсэн. Харин 1998 онд Улсын Их Хурал дахь ардчилсан хүчний олонхийн нэр бүхий 11 гишүүний гаргасан мэдэгдлийг үндэслэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдлийг Улсын Их Хурал хэлэлцэн гишүүдийн 98.3 хувийн саналаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан юм. Энэ нь Монголын төрийн түүхэн дэх ардчилсан засаглалын тогтолцооны хариуцлагын нэгэн хэлбэр болж тогтсоноороо онцлог байв. 
Энэ удаагийн Улсын Их Хурал Банкны тухай, Дампуурлын тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Ашигт малтмалын тухай, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай, Орон сууц хувьчлалын тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бататгахад зарчмын ач холбогдол үзүүлсэн олон хуулийг дурдаж болно. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн Төрийн бус байгууллагын тухай зэрэг бие даасан хуулийг батлан гаргажээ. 
Хоёр дахь удаагийн сонгуулийн Улсын Их Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнд: 
1. Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга С.Зориг) 
2. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (дарга А.Ганбаатар)
3. Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга Х.Хулан) 
4. Хууль зүйн байнгын хороо (дарга С.Батчулуун)
5. Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороо (дарга Ц.Баярсайхан) 

1997 онд Улсын Их Хурлын Байнгын хороодын бүтцийг шинэчлэн нийт 7 байнгын хороотой болж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороог тус тус байгуулжээ. 

Энэ удаагийн Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож Улсын Их Хурлын тогтоол гаргав. Энэ дагуу 1996 оны есдүгээр сарын 10-нд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаан жанжин Сүхбаатарын талбайд болж, Монголын төр ард түмнийхээ өмнө анх удаа уучлал гуйсан болно. Түүнчлэн Улсын Их Хурлаас баталсан Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжих тухай хуулийн дагуу 1998 оноос Монгол Улс ажлын таван өдөртэй долоо хоногт шилжжээ