“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 45 дахь дугаарын тойм

  2013-12-02 00:00  315
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг хавсралтаар өөрчлөн баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолоор, Монгол орны усны сав газарт хүн амын унд, ахуйн зориулалтаар хүнсний болон уул уурхайн бусад үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутамд тооцох итгэлцүүрийг нарийвлчан тооцсон байна. Харин ашиглалтыг тооцох итгэлцүүргүй тохиолдолд экологи-эдийн засгийн суурь үнэлгээгээр, улсын тусгай хамгаалалттай газар нутагт ус ашигласан тохиолдолд экологийн итгэлцүүрийг 2 дахин өсгөж тооцохоор энэ тогтоолд тусгажээ.

Үүнээс гадна Зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан байна. Эмхэтгэлд нийтлэгдсэн энэ тогтоолоор өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импорт хийхэд тавигдах шаардлага, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын ачилтын өмнөх хяналт, шалгалтыг хэрхэн хийх, импортлогч хуулийн этгээд болон олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллага нь ямар эрх, үүрэг хүлээх зэрэг асуудлыг нарийн тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.



УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс





2013 оны 12 дугаар сарын 2

  2016-09-22 08:09  315