Цэс

Холбоо барих

“Зөв төр-Шударга ёс” сэдэвт ёс зүйн хуралд 350 гаруй төрийн албан хаагч оролцож байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн болон иргэний төвтэй төрийн алба” төсөлтэй хамтран “Хамтдаа өсөх” төрийн бус байгууллагаас өнөөдөр (2019.05.03) “Зөв төр-Шударга ёс” сэдэвт ёс зүйн хурлыг зохион байгууллаа.

“Зөв төр-Шударга ёс” сэдэвт ёс зүйн хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцов.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Ард иргэдийн төрд, төрийн албанд итгэх итгэл шавхагдаж байгаа энэ цаг үед энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь нүдээ олсон үйл явдал болж байна. Монгоол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Гурван тулгуурт бодлого”-оо тодорхойлж, хувийн хэвшлийнхэнд танилцуулсан. Улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын шалтгаан нь зах зээлийн хямрал биш засаглалын хямрал юм. Энэ нь засаг төрийн ёс зүйгүй үйлдэлтэй шууд холбоотой. Шударга, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх гол үндсийг “Төрийн албаны ёс зүйтэй, шударга, ил тод байдал”, “Төрийн бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институтын тогтвортой байдал” гэж тодорхойлж байна. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн шударга ёсны хүсэмжлэл 80 хувиас давсан гэж гарч байгаа нь үүний нотолгоо гэж үзэж байна. Иймд бид засаглалыг тэрдундаа төрийн албаны шинэчлэлийг хийх эхний алхамуудаа хийсэн. Төрийн албаны тухай хуулийг парламентаас шинэчлэн баталж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй шударга, сэтгэлтэй ажиллах нөхцлийг хууль, эрх зүйн хүрээнд шийдэж эхэлж байна. Төрийн албанд сонгуулийн үр дүнгээр хэн дуртай нь төрийн албанд удирдах албан тушаалд очдог гаж тогтолцоог халж, мэдлэгтэй, ур чадвартай ажилтнууд шатлан дэвшдэг болсон. Энэхүү сургалтаар бусад улсын сайн туршлагаас суралцаж, цаашид хэрхэн илүү сайжруулж болох зөв гарц гаргалгааг олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.


УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт төрийн албанд ёс зүйг баримтлах нь мэдээллийн ил тод байдлаас шууд шалтгаалах бөгөөд УИХ-аас энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг батлан гаргасныг онцолж байлаа.  

“Зөв төр-Шударга ёс” сэдэвт ёс зүйн хурлыг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хурлаас хүлээлт өндөр байна. Бид бүх зүйлийг шүүмжилдэг. Төр нь болохгүй байна. Хууль нь болохгүй байна гэх мэтчилэн. Хоёр өдрийн энэ хурлаас шийдлийг олно гэж итгэж байгаа. Бид хоёр асуудлыг л шийдэх ёстой. Нэгдүгээрт, Эрх зүйт төртэй байж, хүн бүр хуулийг даган биелүүлдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлье. Ёс зүйн хэм хэмжээг бүхний дээр нь байлгая. Ингэхийн тулд ямар арга хэрэглэхээ шийдэх ёстой. Хуулийн арга хэрэглэх юм уу эсхүл бусад өөр арга байх ёстой юу гэдгээ шийдэх цаг нь болжээ. Төрийн албан хаагчид иргэдэд үйлчилдэг гэдэг ойлголтыг нь суулгаж чадвал ахиц гарна. Дэлхийн бусад орны туршлага ямар байгааг хоёр өдрийн турш сонсож, судлах боломж гарч байгаад баяртай байна” хэмээн тэмдэглэлээ.

Энэхүү сургалтын гол илтгэгчээр АНУ-ын Сиатлын Номхон далайн их сургуулийн профессор, доктор Эл М.Эрисман болон судлаач, эрдэмтэн Эдмунд С. Мой нар ажиллаж байна. Тэд хоёр өдрийн турш “Ёс зүй гэдэг нь зөвхөн муу зан зйлээс ангид байх явдал уу( эсхүл түүнээс илүү зүйл үү?”, “Монгол Улсын хөгжилд ёс зүй яагаад нөлөөтэй вэ?”, “Хувь хүн өөртөө болон байгууллагадаа ямар ёс зүйн сэдэлжүүлэлт хийж болох вэ?”, “Манлайллын зарчмууд”, “Байгууллагадаа ёс зүйн эрүүл хэвшлийг төлөвшүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, олон улсын сайн туршлага, загваруудаас танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Ёс зүй нь өндөр хөгжилтэй улс орны нийгмийн үндэс суурь бөгөөд иргэд хоорондын зөвшилцөл, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа хийгээд нийтийн ашиг тусын төлөө аливаа эрсдэлийг үүрч нийтийн итгэлийг олж авах суурь ойлголт юм. Төрийн албыг шударга ёс зүйтэй болгох энэхүү аяныг Монголд эхлүүлснээр улс ороо тогтвортой болгох, эдийн засгийн чадавхийг сайржуулах цаашлаад дэлхийн тавцанд улсынхаа нэр хүндийг өргөх боломжтой гэдгийг АНУ-ын Сиатлын Номхон далайн их сургуулийн профессор, доктор Эл М.Эрисман хэлсэн юм.

Харин судлаач, эрдэмтэн Эдмунд С. Мой, “Дэлхий нийтийн статистикт тухайн улсын засаг төр болон бизнесийн манлайлагч нар хэр хэмжээнд ёс зүйтэй байна төдий хэмжээнд улсын эдийн засаг өргөжиж, хүний нийгэм нь цэцэглэдэг. Хөгжин цэцэглэх Монгол Улс ёс зүйтэй манлайллаас эхэлнэ. Энэ нь өөрийн ашиг сонирхлыг бус, бусдын сайн сайхныг эрэлхийлж, сайн үр дүнд тулгуурласан манлайллыг шаарддаг. Авлига хэдий чинээ их байна, төдий хэрээр улс доройтно. Ёс зүйтэй зан авирыг төлөвшүүлэхэд эргэх хариуцлага бүхий хяналтын тогтолцоо хэрэгтэй байдаг. Хууль дүрэм батлах, ил тод байх, хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх, эрх мэдлийг тэнцвэржүүлэх, улс төрийн манлайллыг зорилт тавих нь энэ тогтолцоог бэхжүүлэх гол алхам юм” хэмээн илтгэлдээ дурдсан.

АНУ-ын төрийн удирдлага болон хувийн хэвшлийн салбаруудад ёс зүйн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай илтгэгч нараар төрийн албан хаагчдад ёс зүйн талаарх онол, практикийн хоёр өдрийн сургалтыг илтгэл, асуулт хариулт, хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр явуулах юм байна. Хууль тогтоох байгууллага, яам, агентлаг, 21 аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн удирдлага, ахлахууд зэрэг нийт 350 орчим төрийн албан хаагч энэхүү сургалтад хамрагдаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл