Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2012-2016/

Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2012-2016/

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 6 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гарагт улс орон даяар зэрэг явагдсан билээ.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон.

Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж, сонгуулийг зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авсан юм. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулав.

Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67,28 хувь нь оролцож саналаа өгчээ.

Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан бөгөөд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлснээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.

Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулсан юм.

Сонгуулийн дүнгээр Ардчилсан намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний зориг-Ногоон намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллав.

Энэ удаагийн парламентын бас нэг онцлог нь Улсын Их Хуралд гурван намын бүлэг байгуулагдаж,тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон намын төлөөлөлтэй байсан явдал юм.

Улсын Их Хурал 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулан Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх; өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах чиг үүрэгтэй Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулснаар зургаа дахь удаагийн Улсын Их Хурал зохион байгуулалтын бүтцийн хувьд 8 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан юм.

Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (Ц.Цолмон (2012-2013 он),  Ц.Оюунбаатар (2013-2014 он), Ж.Энхбаяр (2014-2016 он), М.Сономпил (2016.01.14-өөс)

2.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Г.Баярсайхан (2012-2014 он), Су.Батболд (2014-2015 он), Л.Эрдэнэчимэг (2015-2016 он)

3.    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (2012-2013 он), Д.Батцогт (2013-2016 он)

4.    Өргөдлийн байнгын хороо (Р.Бурмаа (2012-2015 он), О.Баасанхүү (2015-2016 он), Ж.Батзандан (2016.01.14-өөс)

5.    Төрийн байгуулалтын байнгын хороо (А.Бакей 2012-2016 он)

6.    Төсвийн байнгын хороо (Ц.Даваасүрэн (2012-2014 он), Б.Болор (2014-2015 он), Ч.Улаан (2015-2016 он)

7.    Хууль зүйн байнгын хороо (Ш.Түвдэндорж (2012-2014 он), Д.Ганбат (2014-2016 он)


Эдийн засгийн байнгын хороо (Б.Гарамгайбаатар (2012-2014 он), Ж.Батсуурь (2014-2015 он), Ц.Баярсайхан (2015-2016 он)