Цэс

Холбоо барих

Байнгын хорооны даргыг сонгон, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.


Тэрбээр, “Тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 1985-1990 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн ректор, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Улсын Их Хурал  дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2008-2019 онд Монголын Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд Улсын Их Хурлын гишүүн,  Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Боловсрол судлалын ухааны доктор, профессор Япон улсын Сока Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал хамгаалалт, эрх зүйн академийн профессор, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат багш юм.

Тус Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа Байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшсэн гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжиж, олонхын санал авлаа” хэмээн танилцуулав.


Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүд санал гаргаж, үг хэлээгүй бөгөөд нэр дэвшигчид саналаа илэрхийлжээ. Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлагдлаа.

Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.


Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хаан үг хэлсэн юм.


Тэрбээр, Улсын Их Хурал ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн баталж, тавьсан зорилтоо бүрэн дүүрэн биелүүлснийг дурдаад Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан шахуу хуваариар хуралдаж, эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын болон холбогдох яам, байгууллагын ажилтан, албан хаагч, ажлын хэсгийн гишүүд уртасгасан цагаар ажилласны үр дүнд ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байгааг онцолсон.  /УИХ-ын даргын ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг эндээс уншина уу/


УИХ-ын дарга Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталсныг онцлоод татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл