Цэс

Холбоо барих

“Өсвөрийн парламент"-ын нэгдсэн чуулган боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.


Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний  дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийг Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд зохион байгуулсан юм.

Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөрт 10 багш, 10 сайн дурын ажилтан, оюутан хамрагдсан.

Өнөөдөр (2022.05.12) “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.


Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Дэлхий дахинд иргэдийн тэр дундаа хүүхдийн оролцоо нийгэм эдийн засгийн амьдралыг өөрчилж хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа парламентын болон ардчиллын боловсролтой иргэд энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм. Төр засгийн бодлого, орон нутаг, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хөгжилд парламентын боловсрол эзэмшсэн иргэн туйлын чухал. Иргэний оролцоо гэдэг бол шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэх, зохих түвшинд шаардлага тавих, шаардлага тавьж нөлөөлөх хүртэл өргөн ойлголт. Өнөөдрийн цахим хөгжлийн эрин үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг өнгөц дүгнэдэг бус учир холбогдлыг нь ойлгож, мэтгэлцэж, судалж асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүгээрээ төр засгийн бодлогод оролцох явдал бол парламентын боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго юм” хэмээн онцоллоо. Тэрбээр, хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхдүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг эхлүүлснээрээ онцлогтой.

Түүнчлэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж, өөрсдийн санал бодлыг хуваалцаж байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.


Үргэлжлүүлээд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Азийн Номхон далайн бүсийн захирал Дебора Комини үг хэллээ. Тэрбээр “Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож байгаа залуусаас өөрчлөлтийг хийе гэсэн сэтгэл, зүтгэлийг олж харлаа. Монгол Улсын амьдрахад илүү ээлтэй, аюулгүй, тогтвортой улс болгохын төлөө бид бүхэн энд байгаа. Та бүхэн бодлогын асуудалд нөлөөлж, дуу хоолойгоо хүргэж манлайлан оролцох хэрэгтэй. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилж улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дараа дараагийн оролцогчдодоо сайн жишиг, сайн зүйлийг үлдээгээрэй гэж захимаар байна. Хөтөлбөрийг зохион байгуулсан УИХ-ын дарга, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ болон бусад байгууллагуудад талархсанаа илэрхийлмээр байна” хэмээлээ.

Мөн хөтөлбөрийн оролцогчид маргааш буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гурван үндсэн асуудлын хүрээнд “Өсвөрийн парламент-2021” нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан хийнэ.


Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороогоор Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өгөх саналыг хэлэлцэнэ. Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлд өгөх саналын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг Улсын Их Хурлын даргад гардуулан өгөх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл