ТБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2020-04-08 20:18  377

  

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2020.04.08) 16 цаг 39 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.  

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


 Тогтоолын төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Ажлын хэсэг болон Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал,  Ажлын хэсгээс тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их дээд сургуулиас бусад” гэж, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.б дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2,3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.3 дахь дэд заалтын “2020 онд улс, орон нутгийн төсөв” гэснийг төслөөс хасч, мөн дэд заалтын “гүйцэтгэсэн” гэснийг “гүйцэтгэж байгаа” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнгүй.


Хуралдаан тогтоолын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах тайлангийн маягт, дагаж мөрдөх журам, аргачлалыг” гэснийг “энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг” гэж өөрчлөх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “1 дүгээр зүйлд заасан эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтын жагсаалтыг” гэснийг “1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Ингээд Тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.  

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.


 Хуулийн төслүүдийн талаар үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь нь тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

 Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэлээлэл. Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2020-04-08 20:10  377