Цэс

Холбоо барих

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    

    

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван  асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

   Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

   Тогтоолын төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут тус тус танилцууллаа. 

     Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцлоод тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд заасан шаардлагын дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй тус тус уялдуулан боловсруулсныг дурдав.

   Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа болон 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан гэж байлаа.

    Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван бүлгийн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц арга хэмжээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тодорхойлсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.


    Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  нийтдээ 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум 452 сая  төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум 196 сая  төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

     “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Л.Батлут танилцуулгадаа тодотгов. Мөн тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжилтийн биелэлтийг дүгнэх нэгдсэн бодлого, аргачлалтай байх, 2020, 2021 онуудын төлөвлөгөөний дутуу хэрэгжсэн асуудпуудыг тусгах, төлөвлөгөөний төсөл дээр хэт ерөнхий юм тусгасан байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төсөл дээрх хөрөнгө оруулалтын тооцоог ажлын хэсэг дээр задлах боломжгүй тул хуулийн хүрээнд нягталж ажиллах, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээрх асуудлыг төсөл дээрээ тусгаж дэмжих хэрэгтэй зэрэг саналыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.



    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч салбар хариуцсан сайд, дэд сайдууд нь хүрэлцэн ирж амжаагүй байгаа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлууллаа.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Дараа нь  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

    Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа. 

    Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцлоод Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэв.

    Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3.Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.



4.Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс  өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5.Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй  байна.

6.Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7.Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8.Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9.Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10.Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11.Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжиж, энэ хугацаанд активын чанарын үнэлгээг хийж,  үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь  тохиромжтой хувилбар гэж үзсэн гэв.



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэн яаралттай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар банкуудын активын чанарын үнэлгээ бодитой гарах, ингэснээр хөрөнгө оруулагчдад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Амартүвшин, Э.Батшугар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Т.Аубакир, Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Г.Ганболд, Б.Чойжилсүрэн, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам, Б.Баттөмөр,  Х.Ганхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, төслийг дэмжсэн дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөлд банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт  шилжүүлэх хугацааг сунгахаар тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ  олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, Засгийн газрын санал санаачилгыг УИХ дэмжиж ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ  гэдгийг онцолсон. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо маш олон талаас нь нухацтай хэлэлцэж, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд, Монголбанкнаас  оруулсан хугацаа сунгах саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Системд нөлөө бүхий банкыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх нь томоохон асуудал төдийгүй Монгол Улсын системд нөлөөлөх томоохон банкууд нэгэн зэрэг IPO гаргаад явах нь энэ цаг үед асуудал байж магадгүй гэдгээс болгоомжлон активын үнэлгээг нь сайн хийж, хөрөнгө оруулагчдад ч гэсэн ч сөрөг үр дагаваргүй байх,  нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хувьчлалыг зөв явуулах нь чухал гэдгийг тодотгож байлаа. Харин  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар эсрэг саналтай байв.  



    Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн сувилагчдын өдрийг тохиолдуулан хүн ардынхаа эрүүл энх, сайн сайхны төлөө чин үнэнчээр, цаг наргүй зүтгэж байгаа сувилагч нартаа баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа алжаал ядралаа умартсан, заримдаа боломжоос давсан хичээл зүтгэлийн ачаар бид цар тахлыг даван туулж байгааг тодотгоод Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар энэ жил “Сувилахуйд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг зохион байгуулж, дэлхийн сувилагчдын өдрийг “Манлайллын дуу хоолой: Сувилахуйн салбарт хөрөнгө оруулж, дэлхий дахины эрүүл мэндийн хамгааллыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байгааг онцлон тэмдэглэв.

    Мөн цар тахлын голомтод, амь нас, эрүүл мэндээ золиослон, ар гэр, ахуй амьдралаа хойш тавин зүтгэсэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилготой “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах тухай” бие даасан хууль, хэд хэдэн тогтоолыг УИХ баталсан билээ. Засгийн газар ч энэ чиглэлээр цөөнгүй шийдвэр гаргасан. Эдгээр хүчин чармайлтын үр дүн гарч байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд манай орны 4600 шахам эмнэлгийн байгууллагад 12.400 гаруй их эмч, 13.100 сувилагч, 23.000 гаруй мэргэжилтэн, ажилчид, нийтдээ 49.000 шахам хүн эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож байгааг тодотгосон.

     УИХ-аас эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэн, эмч мэргэжилтэй гишүүд, эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлон тэмгдэглээд энэ шинэчлэл эмнэлгийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулах, эмнэлгийн менежментийг дэлхийн жишигт хүргэх үндсэн зорилгод чиглэж байгааг мэдэгдсэн.

    Түүнчлэн тэрбээр,  амьдралынхаа өдөр бүрийг бусдын сайн сайхан, эрүүл энхийн төлөө зориулдаг сувилагчид бол цар тахалтай тэмцэж байгаа цагаан нөмрөгтэй баатрууд гэдгийг тодотгохын зэрэгцээ айл өрх бүрийн талархал, бахархлыг Та бүхэндээ  дамжуулан УИХ-ын нэрийн өмнөөс илэрхийлж байгаадаа таатай байна гэж байлаа.

Ингээд  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. 2014 онд батлагдсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит  хийж, тус бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэснийг төсөл санаачлагч гишүүн онцлоод аудитын тайланд дурдсанаар  44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, мөн зах зээл дээр стандартын бус бүртгэлгүй эмээс шалтгаалан Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн гэв.



Дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна гэдгийг Н.Учрал гишүүн танилцуулгадаа тодотгоод Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо уг асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

    Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шалгах түр хороо байгуулах асуудпыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Ц.Туваан нар тогтоолын төслийг батлуулахыг дэмжиж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг цаашид Улсын Их Хурлын гишүүд хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан шаардлагыг ханган өргөн мэдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулаад тогтоолын төсөлд түр хороо байгуулах үндэслэлээ тусгаагүй, зарим заалтын агуулга давхацсан зэрэг зөрчилтэй байгааг анхаарах, редакцын шинжтэй засварыг хуульд нийцүүлэн хийх талаар санал хэлсэн болно. Байнгын хороо тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүний эмийн асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй гэж үзэж, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.

    Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөж, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, хариултыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл