Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.27) хуралдаан 19 цаг 45 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн” тохиолдолд санал хураалт явуулж болно гэсний дагуу хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуулийн төслүүдийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх агуулга бүхий зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.


Иймд үргэлжлүүлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл