Төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (201.02.02) хуралдаан 11 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Ж.Мөнхбат нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээх заалтыг өөрчилж буй төсөл дэх зохицуулалтын талаар тодруулав. Төрийн тусгай албан хаагчдад тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгох боломж байдаггүй. Хууль дахь “дараалсан 5 жил”-ийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж 7 жил болгосноор тушаалаар ажил үүргээ гүйцэтгэдэг, тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах магадлалтай тул төслийн дээрх зохицуулалтад төрийн тусгай албан хаагчдыг хамруулахгүй байх нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байв.
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эдийн засаг сэргэж, нааштай өөрчлөлүүд гарсан болохоор өнөөдөр өөрчилж, буцаахаар төслийг боловсруулсан. Тодруулбал, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх зохицуулалтыг өөрчилж 3 сар болгох, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчлах зохицуулалт тусгасан хэмээн хариулт өгсөн. Сангийн яам тооцоолол дээр алдаа гаргаагүй бөгөөд гишүүдийн хэлж байгаа шиг төрийн тусгай албан хаагчдыг тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг огт хөндөөгүй гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Мөн төсөл дэх 5 жилийг 7 жил болгон өөрчилж байгаа нь төрийн тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг бууруулах үндэслэл болохгүй, тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орохгүй гэлээ. 30 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн багш, эмч нарын нөгөө талд сүүлийн 5 жил дараалан нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлдөг тохиолдол бий. Бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлсөн байдаг. Энэ хоёр хүн зэрэгцээд тэтгэвэрт гаргахад насаараа ажилласан хүн, ердөө 5 жил дараалан нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлсөн хүн хоёрын тэтгэврийн зөрүү 3 дахин ялгаатай болж байгаа. Одоогийн хуулийн заалт нь ийм нөхцөл олгоод байгаа бөгөөд үүнээс үүдэн тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа учир төсөлд дээрх заалтыг оруулсан гэдгийг тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Үе үеийн Засгийн газарт Нийгмийн даатгалын сангийн тогтолцоотой холбоотой реформ хийх шаардлага тулгараад байгааг бид мэдэж байгаа. 2000-аад оноос хойш энэ салбарт цонх үүсч, сангийн мөнгөн хөрөнгийг арвижуулан боломж зөндөө байсан ч үүн дээр үе үеийн Засгийн газар ажиллаагүйн үр дагавар өнөөдөр ийн илэрч байгааг бас тооцох нь зүйтэй” гэдгийг хэлсэн.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр, Л.Болд нар “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Дараа нь Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо өнгөрсөн Мягмар гарагийн (2018.01.30) хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцсэн бөгөөд санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Болд нар 2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх сайн нөхцөлтэй зээл гэдгийг тэмдэглэж байв. Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа, эргэн төлөх зээлийн төсөв хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах шаардлага бий. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллах хүрээнд 2017-2018 онд 468 сая ам.долларын санхүүжлтийн талаар ярьж буй. Үүний дунд Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих 38 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөв байгаа бөгөөд энэ төслийн төсвийн хуваарилалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлсэн юм.
Иймд гишүүдийн гаргасан саналуудад үндэслэн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийн хуваарилалттай холбоотой чиглэлийг Засгийн газарт өгөх Байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэж, санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 92.3 хувиар санал дэмжигдсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.