Цэс

Холбоо барих

“ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАН, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ” зөвлөгөөн, хэлэлцүүлэг боллоо

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн яам хамтран "Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, засаг дарга, нягтлан бодогч нар, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, ЭМДЕГДЭМБ, Глобал сангийн удирдагч, мэргэжилтнүүд оролцов.


2022 оны байдлаар нийт 3334 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж Монгол Улсын 2.4 сая буюу хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 МӨАУМХ-ны ерөнхийлөгч С.Ламбаа "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд", ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хэрэгжилт цаашдын чиг хандлага", ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн  "ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж буй ЭМД-ийн газрын санхүүжилт, бодлого, чиглэл, зорилт" зэрэг олон илтгэлүүд тавигдав.


 Энэ үеэр УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг батлагдсан хууль тогтоомжууд болон байнгын хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгөв. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж бүх шатны эмнэлгийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажилласан гэдгээ онцлов.


Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт 05-р сарын 01-ээс хамруулах зорилтыг тавин ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт зориулж Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргах хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болгож өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилтны 60-аас доошгүй хувь нь тухайн нөхөрлөлийн гишүүн байхаар тусгах зохицуулалтыг шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл өгсөн. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа албан хаагчдын цалин тэгш хүртээмжтэй нэмэгдэх боломж бүрдэх юм хэмээлээ.

Зөвлөгөөнөөр өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл