ТББХ:Дэгийн хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтов

  2020-04-09 16:51  266

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2020.04.09) чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж, энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.


    Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар оролцов.


    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчимын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа.

    “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Энэ хуулийн 10-т заасан хариуцлага хүлээлгэх болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна” гэж УИХ-ын гшүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гаргасан зарчимын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнчлэн “Санал хураалтыг цахим хэлбэрээр, эсхүл гар өргөж явуулна” гэж  УИХ-ын гшүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Д.Хаянхярваа нарын гаргасан зарчимын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх нь дэмжив.


    Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


    Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулах тухай санал хураалт явуулахад энэ санал дэмжигдсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-04-09 16:38  266