Улсын Бага Хурлын гишүүд /1990-1992 он/

Улсын Бага Хурлын гишүүд /1990-1992 он/
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. 
БНМАУ-ын Улсын Бага Хурал Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн гавьяа байгуулсан парламент юм. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан батлуулсныг онцлон тэмдэглэх учиртай билээ. 
Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдснаар нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан юм. Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Өөрөөр хэлбэл олон урьгалч үзлийг нийгмийн оюун санааны эш үндэс болгосон. Энэ бол ардчиллын чухал үнэт зүйлсийн нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар,Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 
Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах,иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ. 
Улсын Бага Хурал бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байжээ. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин Улсын Бага Хурлын 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Улсын Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авчээ. 
Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд: 
1. Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга нь С.Баяр) 
2. Хууль зүйн байнгын хороо (дарга нь Л.Цог) 
3. Эдийн засгийн байнгын хороо (дарга нь М.Энхсайхан) 
4. Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга нь Т.Очирхүү) 
5. Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хороо (дарга нь Р.Хатанбаатар) 
Ийнхүү Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны 7 дугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.