УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр (2018.02.02) НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав.
Эхлээд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уулзалтын зорилго, ярилцах сэдвээ танилцуулсан юм. Тэрбээр, УИХ дахь эмэгтэй гишүүд Монгол Улсын хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсоор байгуулсан гэлээ.
Тус бүлэг нь үндсэн арван сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар зорьж байгаа бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг бодитоор үнэлэж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ”Цэвэр агаар-Амьдралын үндэс” НҮБ-ын аянд нэгдэж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг анхааралдаа авч эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж байгаа аж.
Түүнчлэн хүний нэр төрийг гутаах, цахим гадуурхлаас болж хүүхдүүд амиа хорлох явдал нэмэгдэж байгааг зогсоож, энэ хүрээнд олон улсын туршлага судлах, Монгол Улсад цахим хэрэглээг хязгаарлах, хянах, зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Наоми Китахара хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлээд, дээрх сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, хөрөнгө оруулалт зэрэг шаардлагатай мэдээллийг НҮБ-ын Хүн амын санд албан бичгээр хүргүүлэхийг хүссэнээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.