Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.04) хуралдаан 11 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. Хэлэлцэх асуудлыг батлах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Болорчулуун нар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцын талаар санал хэлж, Байнгын хорооны дарга эдгээр асуудалд анхаарал хандуулахаа илэрхийллээ.
Хуралдааны эхэнд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов. Цар тахлын улмаас улс орны эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн бөгөөд зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8 их наяд төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаасанд байршаад байсан талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцууллаа. Түүнчлэн 2020 онд нийт 65000 гаруй ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд 130.000 гаруй ажлын байр алдах эрсдэл үүссэн байсныг дурдав. Энэ үед Засгийн газар, Монголбанк хамтран иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого амьжиргааг сайжруулахаар Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г баталжээ. Өнөөдрийг хүртэл ажлын 204 өдрийн турш хэрэгжүүлж байгааг дэд сайд дурдав. Энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулах, 3500 аж ахуйн нэгж, 20.000 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, ингэснээр 120.000 гаруй ажлын байрыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг бий болгох өөдрөг зорилтыг дэвшүүлж байсан юм. 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдгээр зорилтоо давуулан биелүүлсэн гэх дүгнэлтийг С.Мөнгөнчимэг сайд Байнгын хороонд танилцуулав.
Тухайлбал, хүн амын 64.5 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, 7883 аж ахуйн нэгж, 54.830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгожээ. Төлөвлөгөөд тусгагдсан ажлын байрыг дэмжих репо санхүүжилтийн зээлд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 144.000 ажлыг байрыг хадгалж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн дам нөлөөгөөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 171.000 ажлын байрыг хадгалсан байна. Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд банкуудын эх үүсвэрээр олгогдсон ажлын байрыг дэмжих, 25.400 бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд эдгээр бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн 7 хүртэлх нэгж хувийг Засгийн газар хариуцан төлөхөөр зохицуулжээ. Энэ хүрээнд 2021 оны арван хоёрдугаар сарын гүйцэтгэлээр нийт 64.7 тэрбум төгрөгийн хүүгийн татаас хэлбэрээр санхүүжүүлсэн байна. Нийт 9657 аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 онтой харьцуулахад 5 хувиар өсч, 647 саяд хүрчээ. Улмаар дотоодын НӨАТ-ын орлогын хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, 2020 онтой харьцуулахад 19.6 хувиар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн гэв. Цогц төлөвлөгөөний нөлөөгөөр банкны нийт зээл олголт цар тахлын өмнөх үеэс 10 орчим хувиар өсч, 20 их наяд төгрөгт хүрчээ. 2021 оны эдийн засгийн бодит өсөлт 1 хувьд хүрч агших төлөвтэй байсан ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж пунктээр сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байгаа гэлээ.
Цогц төлөвлөгөөнд тусгасан нийт 56 арга хэмжээний 25 арга хэмжээг 2021 онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүрд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2021 оны төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай гарсан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн зардлыг бодитойгоор бууруулж, цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэмээн дүгнэж, Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 131 дүгээр тогтоол баталж, зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө” нь 2021-2024 онд хэрэгжих, дунд хугацааны хөтөлбөр боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улс орны эдийн засгийг сэргээх түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэн, үр дүн, хүртээмж өндөртэй энэхүү цогц төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас шаардлагатай бүх нөөц бололцоог дайчлан ажиллахыг мэдээллийн төгсгөлд С.Мөнгөнчимэг дэд сайд хэллээ.
Сангийн дэд сайдын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, мэдээлэл, тодруулга авсан юм. Ц.Даваасүрэн гишүүн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулах санал гаргасан бол Х.Болорчулуун гишүүн үйлдвэрлэлийг дэмжих, улмаар ажлын байрыг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн арга хэмжээний талаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн. Экспорт, импортыг дэмжих дэд бүтцийн хүртээмж, үүнээс улбаалан иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд учраад буй хүндрэлийг шийдвэрлэх чиглэлээр баримтлах бодлого, мөн цогц хөтөлбөрийн хүртээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар Б.Энхбаяр гишүүн тодруулсан бол зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бололцоо, шийдлийн талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ц.Туваан гишүүн цогц төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүртээмж, шалгуурын талаар лавлаж, хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.
Зээлийн хүртээмжийн талаарх асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариулахдаа, цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зээл нь ихээхэн шүүмжлэл, хардалт дагуулж байсан гэдгийг тэмдэглээд “2 их наяд төгрөгийн зээлийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч хүчин чадал хүрэхгүй гэдэг үндэслэлээр арилжааны 12 банкыг татан оролцуулсан. Төсвөөс 67 тэрбум төгрөгийг татаас зарцуулсан бөгөөд нөгөө талд 1 их наяд 952 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаас гаргаж чадсан. Харилцагчдад 3 хувийн хүүтэй зээл очсон. 1.6 их наяд төгрөгийн зээлийг шинээр, 4317 зээлдэгчийн 271 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн” гэлээ. 208 зээлдэгч Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулсан ба 28 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Систем дээр эргэлдэж буй хөрөнгийн тэн хагас нь зээлийн багц гэдгийг тэрбээр онцлоод, дээрх хэмжээний зээл нь систем дээр эргэлдэж байгаа нийт зээлийн талбарт хүрч, хөрвүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн.
Хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн ч 494 тэрбум төгрөгийн буюу 98 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэлж байсан. Зээл олголтын гол асуудлыг салбарын яам хариуцсан, арилжааны банкуудтай гэрээ хийх байдлаар олгосон. Зээлийн эрсдлийг арилжааны банкууд даана гэдэг утгаараа банкны үндсэн зарчмыг баримталсан бөгөөд төрийн зохицуулалтаар нэг ч төгрөгийн зээл олгоогүй, 100 хувь банкны системээр дамжсан гэв.
Төмөр замын ачаа эргэлтийн талаарх асуултад Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариулт өгсөн. Цар тахлаас өмнөх үед өдөрт 14 галт тэргийг төмөр замаар нэвтрүүлдэг байсан бол одоо 7 болсон бөгөөд Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийгдэж байгаа гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнгийн талаарх мэдээлэл сонслоо
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонссон юм.
Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2021 оны 12 сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулжээ. Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдож, нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянга буюу 0.4 хувиар өссөн байна. Үүнийг малын төрлөөр авч үзэхэд адуу 4.3 сая, үхэр 5 сая, тэмээ 454 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 289 мянга буюу 6.1 хувиар, адуу 230 мянга буюу 5.6 хувиар тус тус өсч, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ.
Мал тооллогыг жил бүр зохион байгуулснаар мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцох, мал сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, бэлчээр, уст цэгийн мэдээлэл, малын үүлдэр зэргийг бүртгэдэг. Түүнчлэн мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтойг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулгынхаа үеэр тэмдэглэлээ.
Тухайлбал, тооллогын мэдээллийг ХНХЯ, НДЕГ малчдын тэтгэвэр, тэтгэмж, халамжийн суурь мэдээлэлд, Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн нэгдсэн системд, Монголбанк, арилжааны банкууд малчны зээл, зээлийн эргэн төлөлтийн үнэлгээнд, Татварын ерөнхий газар малын тоо толгойн албан татварын мэдээлэлд, Үндэсний давхар даатгал малын индексжүүлсэн даатгалын мэдээлэлд, Эрүүл мэндийн яам, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогод, ХХААХҮЯ малын үүлдэр омог, генетик нөөцийн мэдээлэл, малчдад сүү, ноос, арьс ширний урамшуулал зэрэгт тус тус ашигладаг байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 онд Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая толгой мал тоолуулсан бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая толгой мал тоолуулсан байна. 2021 онд малын тоо Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгаас бусад аймагт өссөн байна.
Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл, хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсч харин хонь 12.1, үхэр 3.5, адуу 2.3, тэмээ 1.4 нэгж хувиар тус тус буурсныг илтгэж байна.
Хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд мал ундаалах зориулалт бүхий 62.5 мянган худаг, 82.9 сая толгой малын багтаамж бүхий 249.8 мянган ширхэг хашаа тоологджээ.
2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 188.5 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өссөн байна. Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 14.3 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 33.2 хувь, 201-500 малтай өрх 31.6 хувь, 501-999 малтай өрх 15.3 хувь, 1000-аас дээш малтай өрх нийт өрхийн 5.6 хувийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаар нэг малчин өрхөд 323 толгой буюу адуу 20, үхэр 23, тэмээ 2, хонь 150, ямаа 128 тус тус ногдож байгаа аж.
Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 305.2 мянган малчин бүртгэгдэж, өмнөх оноос малчдын тоо 6.4 мянга буюу 2.1 хувиар өссөн байна. Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 94.1 хувь нь үндсэн малчин, 5.9 хувь нь туслах малчид байгаа юм байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэд хөдөөгийн өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас 17 хувиар буюу 260 мянган төгрөгөөр бага байна. Хөдөөгийн өрхийн орлогын 60 хувийг ХАА-н үйлдвэрлэлийн орлого болон өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн бүтээгдэхүүний орлого эзэлж байгаа гэлээ.
Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг МАА салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу 38.4 хувийг МАА-н салбар эзэлсэн хэвээр байна. Тухайлбал аймгийн эдийн засагт мал аж ахуйн салбарын эзлэх хувь Архангай, Дундговь, Говь-Алтай аймагт хамгийн их байхад уул уурхай, үйлдвэрлэл ихтэй Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймагт бага байгаа аж.
Мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 2021 оны эхний 11 сарын байдлаар 290.5 сая ам.долларт хүрч, нийт экспортын 3.6 хувийг эзэлжээ.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.