“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей, доктор, профессор Б.Пүрэв нарын “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх эдийн засгийн асуудал” сэдэвт илтгэлээр үргэлжлэв. А.Бакей илтгэлдээ, малын тоо 66.5 саяд хүрсэн нь бэлчээрийн даац 41.2 хувиар хэтэрч байгааг тодотгохын зэрэгцээ цаашид бэлчээрийн ачаалал жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан. Мөн бэлчээрийн доройтлын төлөв байдал, шалтгаан нөхцөл, сөрөг нөлөөлөл, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх боломжуудын талаар илтгэлдээ хөндлөө.
Түүнчлэн тэрбээр, бэлчээрийн ачаалал, доройтол нэмэгдэж, даац нь хэтрэх хандлагатай байгаа нь Мал аж ахуйн цаашдын тогтвортой хөгжилд том сорилт болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулав. Иймд малчдын амьжиргааг бууруулахгүйгээр малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, эдийн засгийн хөшүүрэг болон эрх зүйн орчинг нэн даруй бүрдүүлэх, малын тоо биш, чанарт анхаарч ажиллаж буй малчид, тэдний сайн дурын байгуулагын арга туршлагыг дэмжиж, түгээн дэлгэрүүлэх, мах болон бусад түүхий эдэд нэмүү өртөг шингээж, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулахад чиглэсэн иж бүрэн тогтолцоо бүрдүүлж, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар илтгэлдээ дурдсан.
Харин Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Аймгийн түвшинд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг баталж, хэрэгжүүлсэн нь” сэдэвт илтгэлдээ, Тус аймаг нь 20 сум 103 багтай бөгөөд хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 76.4 хувийг эзэлдэг бөгөөд бэлчээр ашиглалтын хариуцлагажуулах үлгэрчилсэн журам баталж мөрдүүлж байгаа төдийгүй бэлчээрийн сан байгуулах ач холбогдлын талаар дурдав. Уг сангийн хөрөнгийг доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа, ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, багийн хэмжээнд ашиглах хадлан, тэжээлийн талбай бий болгох, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, мод, бут, сөөг, тариалахад зарцуулах боломжтой талаар дурдлаа.
Харин Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Э.Нямбаатар “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамж төвлөрүүлж, суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” сэдэвт илтгэлдээ, Тус сум нийт 583609 га талбайтай бөгөөд үүний 495650 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бөгөөд 88,7 мянган толгой малтай, 513 малчин өрх, 188 мал бүхий өрхтэй аж. Тус сумын малчид бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах хамгаалах нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж, Бэлчээрийн ашиглалтын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад орсон бөгөөд уг зохион байгуулалтад суурилсан хоршоо холбоодууд байгуулжээ. Түүнчлэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журамд баталж, бэлчээр хамгаалах эрсдэлийн сан байгуулахаар журамд тусгасан. Бэлчээр хамгаалах эрсдэлийн сан нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн хонин толгой тутамд 100 төгрөг байхаар өрх бүрээр тооцсон бөгөөд сумын хэмжээнд 2019 онд 25,8 сая төвлөрүүлэхээр тооцсон талаараа Засаг дарга Э.Нямбаатар илтгэлдээ онцолсон.
Хэлэлцүүлэгт нийт долоон сэдвээр мэргэжлийн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн удирдлага, малчдын бүлэг илтгэл тавьж, 80 гаруй төлөөлөгч үг хэлж, асуулт тавьж, санал тавьж байр сууриа илэрхийлэв. Малчдын зүгээс Бэлчээрийн тухай хуульд татвараас чөлөөлөх, хөнгөлөх харилцаанд хамааруулахдаа малчин өрх, мал бүхий иргэдийг ялгамжтай зохицуулах, бэлчээрээ сайн ашиглаж, хамгаалсан малчдад урт хугацаатай, хүү багатай зээл зэрэг урамшуулал олгох, тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийг хэрхэн ашиглах талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай байна гэж байлаа. Мөн Бэлчээрийн тухай хуульд малын тоо толгойг тодорхой зааж өгөх, бэлчээрийн хуваарьлалтыг тодорхой болгох, бэлчээрийн нөхөн сэргээлтэд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах, малын хөлийн татвараас бүрдүүлсэн орлогыг орон нутагт нь үлдээж, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг ус гаргах, малын эрүүл мэндэд зарцуулдаг байхаар тусгахаас гадна малчдын залуу халааг бэлтгэхэд төрийн бодлогоор дэмжихгүй бол малчдын залгамж чанар тасрахад хүрээд байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжийн төслийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар зөвлөмжийн төслийг батлав. Зөвлөмжийн төсөлд хэлэлцүүлэгт ирүүлсэн малчдын саналыг нэмж тусган, УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Ингээд хэлэлцүүлгийг хааж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан үг хэлсэн.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлого, хөгжилд мал аж ахуйн салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн, хойшид ч шийдвэрлэх болно гэдгийг онцлоод Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангилалд 6 ангиллын газар хамаардаг. Эдгээр ангиллын хамгийн том хэсгийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль, тогтоомжид бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан тул бэлчээр, хадлангийн эдэлбэр газрын харилцаанд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа талаар дурдав.
Мөн Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Мал сүргийн тоог бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулж тогтоох” судалгааны дүгнэлтээс үзэхэд манай улсын малын тоо нь бэлчээрийн даацын нөөцтэй харьцуулахад 25,0 орчим сая толгойгоор хэтрээд байна. Бэлчээрийн доройтол, даац хэтрэлтийн үндсэн шалтгаан нь “нийтээр дундаа ашигладаг”, “хариуцлага хүлээдэггүй” эрх зүйн өнөөгийн зохицуулалт, тогтолцоо болоод байгаа юм. Нөгөө талаас малын тооны өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, бэлчээрийн доройтол, талхагдалтай холбоотойгоор бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтын асуудал нийгмийг хамарсан, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын нэг болоод байна гэв.
Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал нь Газрын тухай ерөнхий хуулийн хүрээнд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг бие даасан хуулиар нарийвчлан зохицуулахад чиглэгдсэн. Хуулийн төсөлд бэлчээрийг зөвхөн мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглах, бэлчээрийг онцлог, ангиллыг харгалзан нийтээр болон гэрээгээр ашиглуулах, бэлчээр ашиглах эрх бүхий этгээдийг тодорхойлж байгаа. Бэлчээр ашиглагч нь малчдын бүлэг, эрчимжсэн аж ахуй эрхлэгч байхаар тусгасан ба тэдний хүсэлт, эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулан бэлчээрийг ашиглуулах, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох харилцааг зохицуулахаар тусгасан. Гэрээт бэлчээрийг зохистой ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах асуудлыг бэлчээр ашиглагч бүрэн хариуцах, харин нийтээр ашиглуулах ангилалд хамаарах бэлчээрийн ашиглалт, сайжруулалт, хамгаалалтыг төр хариуцахаар тусгалаа хэмээн Салбарын сайд хэлсэн үгэндээ онцоллоо.
Түүнчлэн Бэлчээрийн тухай хууль батлагдсанаар монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлогт тохируулан, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд тулгуурлан бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн бэлчээрийг нийтээр ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, малын тоог өсгөх биш харин эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ бий болно. Бэлчээрийг хамгаалж, сайжруулах, бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сааруулах боломж бүрдэх ба ингэснээр бэлчээр ашиглалтыг зөвхөн бэлчээрийн тэжээлийн нөөц, хүрэлцээнд чиглүүлж, бэлчээрийн тэжээлийн чанарын талыг харуулдаг төлөв байдлын менежментийг орхигдуулж ирснийг засч бэлчээрийн төлөв байдал, чанар сайжирна. Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалснаар байгалийн бэлчээрийн малын гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн өсөн нэмэгдэж байгаа дотоодын болон экспортын хэрэгцээг хангах зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Ч.Улаан сайд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.