Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа

  2017-02-14 12:59  385

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.14/ 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Байнгын хорооны ахлах зөвлөх Д.Отгонбаатар нар оролцов.

Тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, бие даасан хоёр, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33, Улсын Их Хурлын тогтоол долоог тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.


Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ төсвийн сахилга батыг хангуулах, хариуцлагыг сайжруулах, төсвийн тоо бүхэн үнэн зөв, бодитой байлгахын төлөө ажилласан. Харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвийн сахилга, хариуцлагыг сулруулах нөхцөлд хатуу арга хэмжээ авах, төсвийн зарлагыг бодитой тооцох зарчмыг баталсан. Мөн 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчмыг баримталсан. Улсын төсвийг эрүүлжүүлэх, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд санал, санаачлагатай ажилласан гэж байв.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооноос төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргасан. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байлаа. Иймд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр авлага, алдагдлыг бууруулах удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан баталж, үүрэг чиглэл өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг олгосон гэж Байнгын хорооны дарга мэдээллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын төсвийн тухай хуулийг батлахдаа өмнө нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аас нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг ихэсгэдэг байсан. Энэ удаа бид төсвийн тоо бүхнийг бодит байлгахын төлөө ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс 600 тэрбум төгрөгийг танаж, баталсан гэдгийг онцлов. Мөн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлуулж, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй, түүнд холбогдох туслах, хүнс, нэхмэл, хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байгаа жижиг, дунд, бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 90 хувь чөлөөлж, 1.0 хувийн татвар ногдуулахаар болсон гэдгийг онцлов.

Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангийн талаархи мэдээлэл өгсний дараа Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



  2017-02-14 12:59  385