Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар Холбооны Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал  дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.10.20) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайеныг Төрийн ордонд хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга О.Содбилэг Европ дахь гол түнш, гуравдагч хөрш орон болох ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр яриа хэлэлцээр хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, манай хоёр улс 2009 оноос Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж буйг дурдаад, нийгмийн бүхий л салбарт хоёр талын хамтын ажиллагаа бүс нутагт үлгэр дууриал болон хөгжиж буйд сэтгэл ханамжтай байна. Хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, 2017 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Бундестагт зочилсон нь хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолсон юм.


ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайен, “Ази тивд орших чухал харилцаатай орон болох Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлье” хэмээгээд хоёр орны Парламентын бүлгийн харилцаа нь хоёр орны харилцааны билэгдэл болж байгааг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн талууд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад хоёр орны Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны чухал тулгуур болохыг онцолсон. Мөн хоёр орны Парламентын бүлгийн гишүүд хамтран тус улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн бүрэлдэхүүнийхээ үүрэг гүйцэтгэлтийг газар оронд нь очиж үзэх нь талуудын цаашдын харилцаанд чухал айлчлал, арга хэмжээ болох тал дээр санал нэгтэй байв.  


Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга, АБГББХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Холбооны батлан хамгаалах яамны Улс төрийн газрын Аюулгүй байдлын бодлого, хоёр талын харилцааны газрын ахлах мэргэжилтэн Арслан Дайхсел, Холбооны Батлан хамгаалах яамны Цэргийн бодлого, ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, Тэнгисийн цэргийн дэд хурандаа Даниел Волфен болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл