Цэс

Холбоо барих

“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганы өнөөдрийн (2018.04.26) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар   гурван асуудал  хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт, нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах  бодлого”-ын  3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттайгаар бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг нь экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарсныг онцлов. 

2013 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 23858.7м3  мод, модон материал гаднаас имортолж байсан бол 2015 онд 34370.7м3  болж 10.5м3 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна. 2017 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн зориулалтын хэрэглээний модны хэмжээг 47,2 мянган шоометрээр тогтоосон нь 2013 оныхоос даруй 40,7 хувиар бага байгаа, цаашид буурах хандлагатай байгаа нь татварын хөнгөлөлттэй шууд холбоотой аж. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Нэмэгдсэн өртгийн  албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулжээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Төсвийн байнгын хороо  2018 оны 04 дүгээр сарын 24 ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийн үзэл баримлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Төрийн албаны зөв бодлогыг залгамжлуулах шаардлагатай. Монгол Улсын байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах асуудлыг шийдвэрлэхэд хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудлыг дэмжих нь зүйтэй” хэмээн санал хэлэв. Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.  Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад мэдээлэл, харилцааны технологи үүсч хөгжин улсын эдийн засаг, нийгэм, соёл, иргэдийн сэтгэлгээнд бодитой өөрчлөлт авчирсан хэдий ч хөгжлийн хурд, нөлөөлөл нь боломжит хэмжээ, хүрээнд хүрэхгүй байгаа аж. Гэтэл дэлхий дахинд мэдээлэл, харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загвар их байна. Иймээс дэлхий дахины энэхүү жишиг загвар, ололт туршлагад тулгуурлан улс орныхоо эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон, чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилготой “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэнийг онцлов. Мөн тэрбээр, Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын олон иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүтцэд байгуулснаар дээрх асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэдгийг танилцуулгадаа дурдлаа.


“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Н.Учрал, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Х.Нямбаатар Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Занданшатар. Н.Энхболд. Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шалтгаан, давуу тал, мөн Түр хорооны ажиллах хугацаа, цахим  орчинд дахь хүний нэр төрд халдсан гүтгэлэг, худал мэдээлэл тараах асуудлыг хэрхэн зохицуулах талаар илүүтэй тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбат хариултдаа, Монгол Улсад мэдээлэл, харилцааны технилогийн салбарт нэгдсэн бодлого байхгүй, энэ салбарын байгууллагуудын уялдаа сул, хяналтгүй байгаа юм. Иймд Түр хороо байгуулаад мэдээлэл, харилцаа, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх, нэн түрүүнд цахим засаглалыг хэрэгжүүлж төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсал хийх бодлогыг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэж жилийн хугацаанд ажиллахаар зорьсон гэж байсан. Мөн цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахын тулд үндэсний онцлогт тохирсон, үндэсний чадавхитай байгууллага байгуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг онцлов. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, сошил орчныг зохицуулахаар Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэн нэмж хариулав.

“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжсэн тул уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэв

Дараа  нь Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд, Д.Сумьяабазар нараас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.


2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан аж. Харин төсөл санаачлагч гишүүд төрийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний үр дүнг боловсролын үйлчилгээг авдаг иргэдээр үнэлүүлэх, өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан нэг зарчмыг баримтлах үүднээс сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх нь хамгийн бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

Тиймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг хэрхэн томилж, чөлөөлөх асуудал дээрх хуульд тодорхой зохицуулалтгүй орхигдсон байсан учраас “Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө." гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн захирал хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх эрхийг хуульчлахаар Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулсан.


Уг хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлого боловсрол , соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн тул Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын  гишүүдийн асуулт, хариултыг маргаашийн хуралдаанаар үргэлжлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл