Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 14 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцлээ.


Үндсэн хуулийн цэцийн 2018 оны нэгдүгээр сарын  31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн заалт гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах субъект боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасан нь  Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн Улсын Их Хурлаас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөрөө өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан заалт. Иймд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд өөрөө хууль тогтоох эрх эдлэхгүй гэдгийг цэцийн хуралдаанд тайлбарласан.

Нөгөө талаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хуралд хэвээр хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайн бүхий болон дайны байдлын үед бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн тул иргэний мэдээлэлд дурдсанчлан Ерөнхийлөгч өөрөө өөртөө хууль тогтоох гэсэн агуулгыг илэрхийлээгүй гэдгийг тайлбарласнаа тодотголоо.


Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүн санал нэгтэй дэмжив. Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуалдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг нэмж тусган төслийг батлахаар тогтов.


Улсын  Их Хурлын Аюулгүй  байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүд саяхан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, уг салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны үндсэн дээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхийг тогтвортой хангах зорилтын үүднээс Засгийн газраас зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл