Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.12) хуралдаан 15 цаг 26 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой байх, Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тус тус тогтоож, барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил болгон бууруулж, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргах талаар хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор нар асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгсний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй
Дараа нь Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Зээлийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”-ыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн II үе шатны хүрээнд Монгол Улсын баруун бүсэд орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, төслийн санхүүжилтийг зөв зарцуулахын тулд хувийн хэвшлийнхний дунд төслийн шалгаруулалтыг явуулж, зээлийг нь төлүүлэх зохицуулалт хийх саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, эдийн засгаа тэлэх, сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, иргэд орлоготой болох, цаашлаад ариун цэврийн байгууламж барих, дэд бүтэц зэрэг агуулгыг төсөлд тусгасныг дэмжиж байгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа аялал жуулчлалаар дамжуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийг тодорхой хэмжээгээр дэмжих асуудалд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай тул зээлийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, өнгөрсөнд Монгол Улсын авсан зээл багадаагүйг тодотгоод улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед өр, төлбөрийг 100 тэрбум төгрөгөөр ч болтугай нэмэхгүй байх үүднээс зээлийн төслийг дэмжихгүй гэв. Ер нь гишүүдийн зүгээс төслийн I үе шатны үр дүн сул, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед төслийн II шатыг эхлүүлэх шаардлага байгаа эсэхийг илүүтэй хөндсөн.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болсон.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны төгсгөлд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэмэх талаарх гишүүдийн саналыг тусгах боломжтой, эсэхийг илүүтэй лавлав.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан. Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй, харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа гэв.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй асуудал үүсэж байсан ч тухай бүр Засгийн газраас тодорхой төсвийг төсөвлөж, заримыг нь агаараар татан авах асуудлыг зохион байгуулж байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа дурдсан. Тэрбээр, манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг хувийн хэвшил бүрэн хариуцаж ирсэн. Салбарын яамны зүгээс дотоодод үйлдвэрлэж байгаа түүхий эд зэрэг тодорхой асуудал дээр гаалийн татварыг чөлөөлөх саналтай байгаа тул хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх байх гэж бодож байна гэв.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.