Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг анх удаа УИХ-аар хэлэлцэнэ


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.08) хуралдаан 09 цаг 35 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцууллаа. Хүний эрхийн Үндэсний комисс тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлдэг. Монгол  Улс  дахь  хүний  эрх,  эрх  чөлөөний  байдлын  талаарх 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого,  түүний  хэрэгжилт”, “Хөгжлийн  бэрхшээлтэй  эмэгтэйчүүдийн  бэлгийн  болон  нөхөн  үржихүйн  эрүүл  мэнд,  эрхийн  асуудал”,  “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”,  “Жендэрийн  эрх  тэгш  байдлыг  хангах  тухай  хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл  ажиллагааны  төлөв  байдал”  гэсэн  үндсэн  6  сэдвийн  хүрээнд боловсруулжээ.


    Энэ удаагийн ээлжит илтгэлийг  комиссын  2018  оны  2 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэний дагуу комиссын стратеги төлөвлөгөө,  жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний  хүрээнд  хийсэн  хяналт  шалгалт,  судалгаа, иргэдээс комисст гаргасан өргөдөл, гомдол, комиссын  гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон  бусад  байгууллага,  судлаачдын хийсэн судалгаа, дүн  шинжилгээ, Засгийн  газар,  яам, агентлаг болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар 25 санал хүргүүлж байгаа гэв. Тодруулбал, Хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр 4, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар 4, Ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлаар 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар 3, Онцгой   байдлын    байгууллагын    алба    хаагчдын    хөдөлмөрлөх эрхийн асуудлаар 5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны асуудлаар 4 саналыг тус тус гаргасан байна. 

    Тус илтгэлийг хэлэлцсэн талаарх Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга Н.Оюундарь танилцуулав.  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг Хүний эрхийн дэд хороо 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. 


    Хүний эрхийн дэд хороо дээрх илтгэлд дурдагдсан Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн 6 бүлэг илтгэлийг хэлэлцжээ.  Дэд хорооны хуралдаанаар илтгэлийг хэлэлцэх явцад гишүүд олон улсын байгууллагад 18 дахь илтгэлд дурдагдсан санал, зөвлөмжөөс гадна эрүүдэн шүүсэн асуудлаар шинэ нөхцөл байдлыг тусгаж болох эсэх, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хэрэгжилтээр нийтийн сонсгол хийх саналтай байгаа талаар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан, хилийн болон цэргийн тагнуулын албыг Тагнуулын ерөнхий газрын нэгтгэсэн асуудлаар, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 17 илтгэлээр нийт 295 санал зөвлөмжөөс гарсан үр дүн, хэрэгжсэн байдлын талаар, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд хамгийн бага хамрагдаж байгаа шалтгаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад дохионы хэл байдаггүй учир хүндрэлтэй байдаг талаар, жирэмсэлсэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эдгээрээс үр хөндүүлсэн, ураг зулбасан, эх эндсэн эсэх талаарх тоон мэдээллийг улсын хэмжээнд Эрүүл мэндийн яам гаргадаггүй талаар, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн байдал, төрийн байгууллага түүний дотор хууль, хүчний болон боловсрол, спортын байгууллагуудад ажлын байран дахь бэлгийн дарамт өсөж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх хүсэлт гаргасныг Тагнуулын ерөнхий газарт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/4492 тоот албан бичгээр уламжилж шийдвэрлүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, түүнд дурдагдсан санал, зөвлөмжийг дэмжиж Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.


    Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, О.Батнасан, Ц.Нямдорж нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан. УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийн дагуу С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн талаарх дүгнэлтийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм. Илтгэлтэй холбогдуулан Л.Мөнхбаатар гишүүн “Хүний эрхийн Үндэсний комиссын дээрх илтгэлийг бид 18 дахь жилдээ хэлэлцэж байна. Жил бүр Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, Байнгын хорооны тогтоол гаргах байдлаар явж ирсэн. Цаашдаа хүний эрхийн талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэлийг сонсохдоо тухайн сэдэвт хамаарч буй төрийн байгууллагууд, эрх нь зөрчигдсөн хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэргийг оролцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлж байх нь зүйтэй гэж үзэж байна. Нийгмийн бүхий л салбарт хүний эрхийн асуудал хамааралтай, салбар бүр дээр кейс байдаг онцлогийг харгалзан зөвхөн Хууль зүйн байнгын хороо төдийгүй бусад Байнгын хороод, УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд эрх зүйн байдлыг авч үзэх шаардлага бий хэмээгээд дэлгэрэнгүй тайлбар хэлсэн. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх асуудалд хэт их анхаарч хэлэлцэж байгаа хэмээн үзэж буйгаа Х.Нямбаатар гишүүн илэрхийлээд “Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилт гэдэг бол НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэж орсноос хойших иргэний болон улс төрийн эрхийн пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пакт, Монгол Улсын бусад хууль тогтоомжоор хамгаалагдаж буй бүхий л эрхийн хэрэгжилтийн талаарх тайлан, илтгэл юм. Тиймээс Хүний эрхийн Үндэсний комисс бүтэц цомхон гэдэг асуудлаа хойш тавиад Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар дуу хоолой болж ажиллах шаардлагатай байна. Хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй нөхцөл байдал, улс төрийн намын харъяаллаар хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй, олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийн зөрчил, дутагдал зэргийг онцгойлон анхаарч үүсээд буй ноцтой байдал, үр дагаварыг тооцож үзэн Хүний эрхийн Үндэсний комисс санаачилга гарган холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсээд байна” гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бусад улс орны хүний эрхийг хамгаалах байгууллагуудын статус, үйл ажиллагааны талаар жишээ дурдаж, эрх зүйн орчныг шинэчлэх замаар Монгол Улсын Хүний эрхийн Комиссын үйл ажиллагааг үр дүнтэй болгох саналыг хэллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


    Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаарх тайлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлүүдэд ч дурдагдсаар ирсэн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлээд, тухайн илтгэл тус бүр дээр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллагад 5-6 зөвлөмж гаргаж байсан ч хэрэгжээгүй гэдгийг тэмдэглэсэн юм. Түүнчлэн “нууц” гэдэг ангилалын талаар анхаарах, аливаа асуудлыг энэ халхавчид оруулснаар зөрчлүүд гардаг байдлыг тооцон холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах ажлыг хийх шаардлагатайг тэрбээр хэлж байв. Ийнхүү Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний комиссын 18 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжив. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцдэг байсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн анхны тохиолдол гэдгийг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд онцоллоо. 

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэгтэн томъёолжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томъёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаарыг 70 байхаар, нотариатч мэдээллийн цахим санд бүрдүүлэхтэй холбоотой цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний архив аюулгүй байдлыг хангах журам, мөн нотариатчийн бүрдүүлсэн архивын баримтыг архивт шилжүүлэх, хадгалахтай холбогдсон журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвхөн нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, хяналт, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй байх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шижлүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх зэрэг асуудлуудыг тусгажээ. Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 11 томъёоллыг нэгтгэн боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 

    Үүний дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл