УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хорват Ласло нар Биокомбинатыг шинэчлэх төслийн бэлтгэл ажилтай танилцлаа

  2018-09-03 10:26  277

    УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват Ласло нар өнөөдөр “Биокомбинат” ТӨААҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. 


    2016 онд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр” байгуулж, энэ хүрээнд Унгарын Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Биокомбинат” ТӨААҮГ-ыг өртгөтгөхөөр тохиролцсон. Төсөл хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн хавар дууссан ч дахин сунгасан бөгөөд өнгөрөгч сарын 20-нд тендер зарлагдсан, 12 дугаар сарын дундуур гэхэд төсөл хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах болно. төсөл хэрэгжүүлэгч компанитай хоёр жилийн дотор түлхүүр гардуулж өгөх нөхөлтэй гэрээ байгуулна. Төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөж, BSL3 лабаротори байгуулж, хүний нөөцөө сурган мэргэшүүлэх ажлууд хийгдэнэ гэдгийг үйлдвэрийн удирдлага танилцууллаа. 


    Энэ үеэр Ж.Батзандан  гишүүн үг хэлэхдээ “Нэлээд хүлээгдсэн төсөл гацаанаас гарч хөдөлж эхэлж байгаад баяртай байна. Миний бие Монгол-Унгарын парламентын бүлгийн даргын хувьд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж ирсэн. Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло монголд ихээхэн элэгтэй нэгэн. Тийм ч учраас хоёр орны хамтран хэрэгжүүлэх гэж буй энэ томоохон төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ. 

    “Биокомбинат” ТӨААҮГ-ын дэд захирал С.Тэсхуяг “1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар одоогийн үйлдвэр байгуулагдаж, хоёр орны мэргэжилтнүүд хамтран ажиллаж байсан. Боловсон хүчнээ сургах, туршлага солилцох ажил тогтмол хийгддэг байлаа. Харин 1990 оноос хойш энэ харилцаа тасарсан. Манай байгууллагын үнэт зүйл бол мэргэжлийн боловсон хүчин. Иймд цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн хоёр орны парламентын найрамдлын бүлгийн дарга нараас хүслээ. 

    Ноён Хорват Ласло хэлэхдээ “Монголчууд уламжлалт соёлоо хадгалж үлдэх нь маш чухал. Энэ том соёлын нэгээхэн хэсэг бол мал аж ахуй. Мал аж ахуйн салбарын хөгжил, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд малын эрүүл мэнд онцгой ач холбогдолтой. Иймд малын эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээр өвчнийг оношлох, эмчлэх, зориулалт бүхий олон төрлийн биобэлдмэл  үйлдвэрлэдэг Биокомбинатын шинэчлэх нь өндөр ач холбогдолтой ажил. Уг төслийг хэрэгжүүлэхэл миний зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно. Унгар улс Хүнсний аюулгүй байдал, Малын эрүүл мэнд гэсэн хоёр асуудлыг хамтад нь авч үздэг. Тийм ч учраас манай Засгийн газар малын эрүүл мэндэд онцгой анхаарч ажилладаг.” гэсэн юм.


АЖЛЫН АЛБА


  2018-09-04 08:55  277