Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг


 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, түр хороод 92 удаа хуралдсан байна.

Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталлаа. 

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас 9 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан. Гэхдээ Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой асуудлуудаа шийдэж чадлаа.

Өнгөрсөн 2018 онд Ирээдүйн өв санд 620,7 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 206,9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд нэгдсэн төсвийн нийт орлого болон тусламжийн дүнг 11,067.0 тэрбум төгрөгөөр баталж, үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон нь өнгөрсөн оноос даруй 200.0 тэрбумаар илүү байна. Ирээдүйн өв санд 1,068.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг төлж барагдуулснаар уг санд 550 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх боллоо.

Ингэснээр УИХ, Засгийн газар өр биш өв үлдээдэг сайн жишиг тогтоож байна.

Нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв, санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг Улсын Их Хурлаас тууштай баримталж ажиллалаа.

Тухайлбал, 2019 оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж гаргалаа.

Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, эдийн засагт бий болж байгаа эерэг хандлага, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээг хамарч байгаагаараа онцлог болсон гэж үзэж байна.

Харин энэ намрын чуулганы завсарлагаанаар валютын ханш, үнийн өсөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар үнэлэлт, дүгнэлт боловсруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн биелэлтийг хангахад шаардлагатай холбогдол бүхий дүрэм, журмыг намрын чуулганд багтаан баталлаа.  Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хуулийн дагуу бүрдүүллээ.

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдүүлж, төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж хууль дээдэлж, хуулийг ягштал биелүүлж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүгээр үүрэг чиглэл болгож байна.

Ард иргэд төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг хүсэж, хүлээж байна. Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ард иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар болохыг дахин анхааруулж байна. 


Агаарын бохирдлыг бууруулах ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зарцуулсан хөрөнгө, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсголыг анх удаа зохион байгуулсан нь энэ чуулганы бас нэг онцлох үйл явдал боллоо.

Цаашид иргэдийн оролцоотой нийтийн сонсгол хийх замаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулах, иргэдийн бүтээлч санал, санаачилгыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, парламентын соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарлах дөхсөнтэй холбогдуулан гишүүд амрах гэж байгаа гэх мэт буруу ташаа мэдээлэл их явж байна.  

Монгол Улсын Их Хурал бол байнгын ажиллагаатай парламент. Парламентын бүрэн эрхээ чуулган болон зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тодорхой хугацаанд тогтмол чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай институц.

Ард түмнээс мандат авч, тэднийг төлөөлөн төрийн эрх барьж байгаагийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд иргэд, сонгогчидтойгоо ойр ажиллаж, ард иргэдээ сонсож, УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах ажил хийх нь Та бидний үүрэг байх ёстой.

Мөн чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр холбогдох хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү санаачилга гаргаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Завсарлагааны үеэр УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хангах чиглэлээр УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулах болно.

Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ-аас хянан шалгах түр хороодыг байгуулах асуудлыг шийдвэрлэх болно.

Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг энд онцлон тэмдэглэж байна.

Удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ хүргэж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан, хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл