Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

  2020-01-17 16:15  247


Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.17) үдээс өмнөх нэгдсэн  хуралдаан 11 цаг 32 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй  эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.


    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ гэж Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны саналаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

    Дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

    Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.  


   Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн хяналт тавих хүрээ болон хянан шалгагчийн орон тооны асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын шаардлагын хүрээнд цаашид хийгдэх ажлын талаар асуулт асууж, хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэж байлаа. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, О.Батнасан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулахын зэрэгцээ, ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байгаа талаар тодруулж байлаа. 

    Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9,2-15,7-ын хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад НӨАТ-ын шинэ хууль үр дүн өгснийг онцлов. Мөн тэрбээр, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын тайланг хялбаршуулж, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэж байна гэж байлаа. 

    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ, Саарал жагсаалттай холбоотой дөрвөн шаардлага байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхаарч, хариуцлагаа сайжруул гэснийг тодотгов. Мөн тэрбээр, оффшорт байгаа мөнгөтэйгөө тэмцэх бус хөдөлмөрлөж, ажлын байр бий болгоод яваа аж ахуйн нэгжийг  дарамтлах талаар ярьж болохгүй гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Саарал жагсаалтад тусгасан дөрвөн шаардлагаас гадна олон асуудал байгаа тул эрсдлийг сайн тооцож, оношоо зөв тодорхойлохыг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Хууль баталбал саарал жагсаалтаас гарахгүй. Саарал жагсаалтаас гаргах календарьчилсан төлөвлөгөө, нэгдсэн зохион байгуулалттай ажил хийх нь чухал байгааг онцлов. 

    Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалаа.  Төслийн 2 дугаар зүйлийн хуулийн гэсний дараа 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын “хуульч” гэсний өмнө “өмгөөлөгч” гэж нэмэх гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувийн саналаар дэмжлээ. 

 

  Үргэлжлүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжин, баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

  Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан байцаах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2020-01-17 15:54  247