Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-09-08 10:09 Уншсан: 25


Эмхэтгэлийн 35 дахь дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай”, “Н.Алтанхуягийг албан тушаалд томилох тухай” зарлигуудыг нийтэлжээ. Мөн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.

Уг тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан байна.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулах бөгөөд журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарах аж.

Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах,  орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршиж буй юм байна. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байх бөгөөд нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 9-өөс цөөнгүй байхаар заажээ.

Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбай, Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүргийн талаар журамд хэрхэн тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-10-17 10:10

Хуралдааны тов