Цэс

Холбоо барих

Иргэд биш дата "гүйдэг" ухаалаг тогтолцоо бий болгоход бүртгэлийн хуулиудын өөрчлөлт чиглэнэ

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганболд, Н.Учрал нар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох хүмүүс багтав. 



УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хуулиуд Улсын бүртгэлийн байгууллагад байгаа олон мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалалтыг сайжруулах, иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээг бий болгох зорилготойг тэмдэглээд төрийн ой санамжийг багтаасан сангуудын мэдээллийг солилцдог болох, тэдгээр мэдээллийг иргэд, хуулийн этгээд ашиглах зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатайг онцоллоо. 

УИХ-ын гишүүн Н.Учрал төрийн үйлчилгээг илүү ил тод, хурдан шуурхай болгож, иргэд биш дата өөрөө гүйдэг ухаалаг системийг бий болгоход хуулиуд чиглэгдэх учиртай, тиймээс гарангуутаа шууд хэрэгжих бололцоотой байлгах үүднээс технологийн асуудлуудыг нь хуульчилж өгөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр иргэд төрийн үйлчилгээг авахдаа цаг алдаж байгаа байдлыг багасгаж, аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай байршуулж хадгалах технологи болох блокчейнд суурилсан бүртгэлийн механизмыг тодорхой болгох шаардлагатай. Цахимжсан, аюулгүй, кодлогдсон энэ системийн тусламжтайгаар бүртгэлийн үйл ажиллагааг бий болгосноор төсөв мөнгөний хувьд ч хэмнэлттэй болж, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд том дэвшил гарах юм гэлээ. 



Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар тус байгууллага иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт 122 төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2017 онд нийт 1345221 үйлчилгээ өгсөн байна. 

Уулзалтын дараа гишүүд Улсын бүртгэлийн төв архивын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус архивт Иргэний баримтын архивын таван сан байдаг байна. Монгол Улсын иргэдийн хувийн хэргийн сан, 1951-1988 оны иргэний гэр бүлийн найман төрлийн бүртгэлийн сан, нас баралт, Монгол Улсын харьяатаас гарсан болон гадаад паспортын гэсэн таван сангаас хамгийн их мэдээлэл бүхий хоёр нь цахимжиж дуусчээ. 



Хуулиудын шинэчилсэн найруулга батлагдсанаар иргэдэд цахим үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох бөгөөд ингэхийн тулд архивын эх нотлох баримт, мэдээллийг цахимжуулах ажил хийгдэж байгааг Архивын дарга С.Оюунгэрэл хэлэв. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээд, иргэний эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл 100 хувь цахимжсан бол иргэн, хуулийн этгээдийн цахимжилт 73 хувьтай байгаа юм байна.



Мөн ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт ажиллаж, Бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын чиг үүрэгтэй холбоотой орж буй өөрчлөлтүүдийн талаар салбарынхны санал бодлыг сонслоо. Одоогийн хууль, журмаар газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааны зохицуулалт нэр томъёоны хувьд ялгамжтай, ойлгомжгүй, давхардалтай байгааг нэг мөр болгож, цэгцлэх шаардлагатайг онцолж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл