“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 28 дугаарын тойм

  2019-07-23 14:25  145

Эмхэтгэлийн шинэ дугаарт Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

2001 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулиар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулж байсан бөгөөд уг хууль нь төрийн оролцоог багасгах зорилгоор хөндлөнгийн зохицуулалтын механизмыг бүрдүүлж, зах зээлийг либеральчилж өрсөлдөөнийг бий болгосон бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр мэдээллийн технологийн талаарх зохицуулалтыг нэмжээ. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээл, өрсөлдөөний орчны өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандлагад нийцүүлэн салбарын бодлого, зохицуулалтыг оновчтой болгож, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын чиг үүргийн ялгаа, заагийг тодорхой болгосон байна.

Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэхийг оператор компаниудад үүрэгжүүлж, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг хуульчилсан байна.

Уг хууль батлагдсанаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төрийн бодлого, зорилтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ханган хэрэгжүүлэх боломж бүрдэж, салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашигласны үр дүн нэмэгдэн, давхар хөрөнгө оруулалт эрс буурч, үйлчилгээний чанар сайжирна гэж үзаж буй аж.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, шуудангийн үндсэн сүлжээ ашиглах эрх олгох, хяналт тавих журмууд болон үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар баталж байх зохицуулалтыг шинээр бий болгожээ.

Соёлын үнэт өв болох шуудангийн маркийн тодорхойлолтыг олон улсын конвенцод нийцүүлэн тодорхойлж, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавихаар хуульчилсан байна.

Шуудангийн илгээмжийн зэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлж, улс хоорондын шуудангийн илгээмжид хамаарагдах зохицуулалтуудыг тодорхой болгож, шуудангаар илгээхийг хориглох зүйлсийг илүү нарийвчлан тодорхойлсон байна.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг шинээр хуульчилж, Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамж, радио давтамжид баримтлах зохицуулалт болон зурвасын хуваарилалт хийх, түүнчлэн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн төвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах зэрэг зохицуулалтуудыг оруулжээ.

Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн “богино зайн радио төхөөрөмж” болон “радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж” гэсэн хуулийн шинэ нэр томьёоны тодорхойлолтуудыг хуульд тусгасан байна.

Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн зурвасын төлөвлөлт, зохицуулалтыг оновчтой зохион байгуулах замаар өндөр технологи, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд энэ хууль дэмжлэг үзүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-07-25 14:25  145