УИХ: Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг анх удаа зөрчилгүй гэж дүгнэжээ

  2018-06-21 23:27  520


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж арван  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн  сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 45.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 28.1 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 4.3 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, авлага 4.3 их наяд, үндсэн хөрөнгө 25.8 их наяд төгрөг тайлагнагдсан. Нийт өр төлбөрийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 6.8 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.4 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 7.7 их наяд, гадаад зээлийн өглөг 9.1 их наяд төгрөг байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд анх удаа Үндэсний аудитын газраас зөрчилгүй санал, дүгнэлтийг гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.


Мөн тэрбээр, Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсвийн байгууллагууд, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан. 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрч 108.8 хувийн биелэлттэй, зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байна. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 6 их наяд 589.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 6 их наяд 382.6 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 165.2 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 751.5 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 1  их наяд 478.1 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, 109.4 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, 96.2 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн зарлага 7 их наяд 139.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 281.0 тэрбум төгрөгөөр бага, өмнөх оны гүйцэтгэлээс 254.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зарлагын 15.1 хувь буюу 1 их наяд 81.4 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 16.2 хувь буюу 1 их наяд 156.5 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 715.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 8 хувиар буюу 64 тэрбум төгрөгөөр бага байна гэж танилцуулж байв.

Орон нутгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 437.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.6 хувь буюу 61.6 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын санхүүжилтэд нийт 1 их наяд 267.9 тэрбум төгрөгийг төлөвлөгөөний дагуу бүрэн олгосон байна. Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 437.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 7.1 хувь буюу 186.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Нийгмийн даатгалын сангийн 2017 оны орлогыг 2 их наяд 38.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 114.2 тэрбум төгрөг төвлөрч, 103.7 хувийн биелэлттэй гарсан байна.Тогтворжуулалтын сангийн орлогод 2017 онд 242.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 325.7 тэрбум төгрөг төвлөрч, 134.3 хувийн биелэлттэй гарсан. Ирээдүйн өв сангийн 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 333.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 357.7 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 107.3 хувийн биелэлттэй гарсан байна. 2017 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд тавигддаг тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдлаа.


Дараа нь Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар аудитын дүгнэлтийг танилцуулав. Танилцуулга болон аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Гишүүдийн зүгээс хувьчлагдахаар төлөвлөгдсөн төрийн өмчит аж ахуйн нэгжид аудит хийсэн эсэх, эдгээр аж ахуйн нэгжүүдийн үр ашиг болон, улсын хэмжээнд дуусаагүй барилгын асуудлыг цэгцлэх, арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илүүтэй тодруулав. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ дотоод нийт бүтээгдэхүүний хэдэн хувьд байгааг лавлаж байсан.

Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан сэдвийн хүрээнд төрийн өмчит 128 аж ахуйн нэгжид санхүүгийн аудит хийсэн. Санхүүгийн тайланг нэгтгэхэд 68 хувь нь ашигтай ажилласан байлаа. Түүнчлэн хувьчлагдахаар төлөвлөгдсөн нэр бүхий дөрвөн төрийн өмчит аж ахуйн нэгж, обьектод Үндэсний аудитын газраас аудит хийгээгүй.  Цаашдаа аудит хийсний дараа хувьчлалын асуудлыг төлөвлөх шаардлагатай байна. Мөн сэдвийн хүрээнд улсын хэмжээнд дуусаагүй барилгын 38 обьектод аудит хийсэн бөгөөд дүгнэлтийг нь барилга тус бүрээр гаргахаар ажиллаж байна. Одоогоор хоёр барилгын объектыг буулгахаар болсон гэж Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хариуллаа. 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Үндэсний аудитын газраас дуусаагүй барилгын обьектыг дуусгах чиглэл өгсөн. 2010 онд баригдаж эхэлсэн обьект өнөө хэр дуусаагүй байх жишээтэй. Тиймээс 2019 он гэхэд дуусаагүй барилгуудын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг онцлов. Мөн тэрбээр, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрч, эдийн засгийн идэвхжил сэргэсэн. Тухайлбал, ноолуурын килограмын үнэ 100 мянган төгрөгт хүрч, ноосны үнэ багагүй өссөний үр дүнд малчдын олонх банкны зээлээ хааж, зарим нь нийт зээлийнхээ 80-85 хувийг төлж дуусгаад байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар 2017 оны 10 дугаар сараас эхлээд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахыг зогсоохын зэрэгцээ өмнө авсан өр авлагаа төлсөн. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж байлаа. Түүнчлэн Засгийн газрын нийт өр 22 их наяд 751,6 тэрбум төгрөг буюу өнөөгийн үнэ цэнээр 20 их наяд 11.4 тэрбум төгрөгт хүрч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувьтай байна. Засгийн газраас 2018 онд өрийн хэмжээг ДНБ-ий 63 хувь, 2019 онд 51 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэж Сангийн сайд хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын дэд хороо болон холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэхээр шилжүүлэв. 

Үргэлжлүүлэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимын дагуу хийлээ.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Тогтоолын төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “12.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэж нэмэхээр тусгасан байв. 

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,2 хувь нь дэмжив.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа

Чуулганы хуралдаан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. 


Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 1 дүгээр зүйлийг 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Аймаг нийслэл,  сум дүүргийн хэлтэс, албаны даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлөх, нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж тухайн хэлтэс, албаны дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. 

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нэгдсэн хуралдаан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. 


Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй тул зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нйислэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, дүүргийн ниймгийн даатгалын байгууллагын даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга, дүүргийн нийгмийн даатгалын даргыг нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,6 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 

Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа  уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа. 


Төслийн 1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэснийг “аймаг, нийслэл, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжлээ. Ингээд Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд саяхан нийслэлийн 79 дүгээр сургууль дээр гарсан эмгэнэлт явдлыг дурдаад, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа  хариултдаа болсон хэрэг явдалд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудын барилга хуучирч муудсан нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд асуудал үүсгэж байгааг онцлов. Цаашлаад 2019, 2020 оны улсын төсвийг хэлэлцэхэд сургууль цэцэрлэгийн засвар, хөрөнгө оруулалтад анхаарч, дэмжлэг үзүүлэхийг гишүүдээс хүссэн.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.3 Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, 18.4 хэсэг “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэж тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,9 хувь нь дэмжив. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 


Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. 

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.52-т “Биеийн тамир, спортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах бодлого, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж заасан аж. УИХ-аас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оноос эхлэн мөрдөж байгаа.

Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Мөн УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-д “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заажээ. Иймд УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа хариултдаа, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Монгол Улсын 330 сум бүрд арга зүйчид ажиллаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх болсныг дурдаад, цаашлаад тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их спортын тамирчдадаа спортын холбоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх, шаардагдах хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж, 2020 оны Токиогийн олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэх албан ёсны үндэсний зөвлөл байгуулж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг тухай бүрт шийдвэрлэнэ гэдгийг онцолж байлаа.

Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч гишүүн Л.Элдэв-Очир, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. 


Дээрх хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль, шүүхийн байгууллагад хандсаар байгаа аж. Дээрх хууль нь дараахь гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байна. Хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотой тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч буй явдлыг зогсоох зорилгоор чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хандлагыг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг хэдэн хэдэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсвийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Цогзолмаа, О.Содбилэг, Д.Оюунхорол,  Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Д.Ганболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа нарын зүгээс тендерийн маргааныг тодорхой хугацаа зааж шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргах зэргээр хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай байна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн гэж ойлголтын гажуудлыг засах,  Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уг хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөлтэй нэгтгэж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг тус тус хэлж байлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79,5 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.  


Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Ажлын хэсгээс гаргасан Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бодлогыг хэт сулруулах зохицуулалтыг төслөөс хасаж, тодорхой хязгаарлалтыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцэн дэмжсэн аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж, саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Болд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.  Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл. 



  2018-06-21 23:06  520