Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

  2017-05-26 18:35  549

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.26) хуралдаан 16 цаг 05 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Уг хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.


Тэрбээр Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон дунд хугацааны төсвийн үзүүлэлтүүд, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан болно.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд дунд хугацаанд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа танилцуулгадаа дурдлаа.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Цаашид эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, зохих өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулахаар холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1 байхаар тус тус төсөөлсөн байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2018-2020 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхээргүй байхаар хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ.



Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2017-05-26 18:35  549